Хэрцгий эцэг хүн хазаж, гэмтээдэг "алдартай" нэгэн байжээ
Энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч баасан гаригт ЯТТ-ын залуу эмч таван настай хүүхдийг заазуурдсан гэх дуудлагын дагуу очин эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, улмаар төрсөн үрээ ч хайрлах сэтгэлгүй эцгийн талаар анхны мэдээллийг гаргасан. Тэрбээр эцгийнхээ харгислалд өртсөн хүүгийн талаарх баримтыг өөрийн Фейсбүүк хуудсандаа мэдээлснээр энэ хэрэг олон нийтийн анхаарлыг ийнхүү татаад буй. Уг мэдээллийн дагуу сүүлийн хэдэн өдөр фейсбүүк, твиттер, цахим хуудас, хэвлэл мэдээллийн бүхий л салбарууд төрсөн эцгийнхээ харгислалд өртсөн таван настай хүүгээр амьсгалж байна. Тиймдээ ч хүний ёсноос гажууд эл хэргийн тухай уншсан хэн бүхэн адгууснаас ч дор эцгийг буруутгаж, хамгийн муу үгээр хэлж, бяцхан хүүг өрөвдөж суугаа биз ээ.
Өнгөрөгч ням гаригт Фейсбүүкээр нэгдсэн залуусын хөдөлгөөн болох хүний наймаа, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж яваа “Лантуун дохио” ТТБ-ын залуус санаачлан хохирогч хүүгийн ар гэрт туслах, архичин агсам эцгийнх нь гарт дахин өртүүлэхгүй байх арга замын талаар ярилцсан юм. Энэхүү уулзалтад “Лантуун дохио” ТББ-ын гишүүдээс гадна тухайн үед дуудлагаар ажилласан түргэний эмч, хуульч, өмгөөлөгч, оюутнууд гээд олон залуус сайн дураараа нэгдэж хамтран ажиллахаа мэдэгдсэн. Юуны түрүүнд хүүгийн гэрт очиж, тэдний амьдрал бодит байдалд ямар байгааг газар дээр нь очиж үзэх шийдвэр гаргасан юм.
. Хүүгийн ар гэрийг судлахаар өчигдөр өглөөний 09 цагт Сүхбаатарын талбай дээр болзсон бид цагтаа цуглан замдаа гарлаа. Хүүгийн гэр Баянзүрх дүүргийн 11 хороо буюу Баянзүрхийн товчооны орчим байдаг аж. Тодорхой хаягийг тодруулахаар тус хорооны Засаг дарга, дүүргийн тамгын газрынхантай утсаар холбогдсон ч гэрийг нь байтугай, хүү гэмтсэн тухай мэдээлэл ч үгүй байв. Энэ үед түргэн тусламжийн эмч залуу ирэн биднийг замчлан 10 цагийн орчим тэдний гадаа очлоо. Хүүгийнх хог шороо дүүрсэн жалганы хажууд хашаагүй ганц гэрээр байдаг ажээ. Гэрийн гадна эгнүүлэн тавьсан архины шил, пивоны лааз, төмрийн хог хаягдал энд тэндгүй овоолгоостой. Гэр нь хуучирч муудан, урагдаж сэмэрсэн цагаан бүрээс, дотуур нь давхарласан гялгар уут зэрэг нь нэвт харагдаж байв.
. Биднийг гэрт ороход хүүгийн эмээ буюу ээжийнх нь ээж, хоёр ах нь, эмэгтэй дүүгийнх нь хамт байлаа. Гэмтэл авсан хүүг Цэргийн госпитал ор байхгүй хэмээн гаргасан ч ирж боолт хийлгээрэй гэсэн тул ээж нь эмнэлэг рүү авч явсан гэнэ. Гэрийн дотор харанхуй, гэрэл муутай, ус нэвтэрдэг бололтой дотуур цагаан бүрээс нь бүхэлдээ шарлажээ. Хүү дээрээ гурван ахтай, нэг эмэгтэй дүүтэй гэнэ. Эмээд ирсэн учраа хэлэхэд эхэндээ бидэнд татгалзаж “Би найман хүүхэдтэй, бүгд сайн сайхан яваа. Энэ охины маань амьдрал л ганц санаа зовоож байна. Өчигдөр, уржигдар интернетэд гарсан мэдээллийг хөдөө гадаа байгаа хүүхдүүд олж харсан байна. Бөөн хэл ам болж байна” гэсэн ч бид учраа хэлж, тайлбарлаж тэдэнд туслах ямар арга зам байна вэ хэмээн хэсэг ярилцсан. Хүүхдүүдийн ээжийн өмнөх хань нь ослоор нас барж, хоёр хүүтэйгээ үлдсэн аж. Найман жилийн өмнө одоогийн суусан хүнтэйгээ ханилж, гурван хүүхэд төрүүлсэн тул хоёр томыг нь эмээ нь өсгөдөг. Том хүү хичээлдээ явсан, удаах хүү үдээс хойш хичээлдээ явах гэнэ. Хоёр дахь хүү нэлээн дуу цөөтэй бололтой бидэнтэй үг солих гэсэнгүй.
. Зургаан настай гэх гуравдахь хүү нь бидэнд “Өчигдөр аав гэртээ ирсэн. Та нар яасан их сэргийлэхэд барьж өгдөг юм алчихья л даа. Энэ жалганд булчихсан байхад хэн ч тоохгүй. Би та нарыг гээд дахин зодсон” хэмээн дуржигнатал ярьж байв. Хүү бидэнд аав нь яаж аашилж, загнаж, зоддог байсныг нэгд нэггүй тоочиж суухыг харахад үе тэнгийнхэн нь энэ насанд шүлэг дуу цээжилж, түүнийгээ гайхуулдаг. Гэтэл энэ хүү согтуу эцгийн харгислал, зовлон шаналалыг цээжилж суудаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг байв.
. Харгис аавын хамгийн хайртай хүүхэд нь гэх хоёр настай жаахан охин. Тэжээлийн дутагдал, тураалд орсноос явдаггүй, зөвхөн орон дээр л сууж байдаг гэнэ. Аав нь ой ч хүрээгүй долоо наймхан сартай байхад нь зуухны дэргэдэх тогоо руу авч шидсэнээс хоёр нүд нь долир болон тогтсон гэнэ. Охины бие тааруу байгаа бололтой, нурамгар, сульдсан маягтай дэр налан хэвтсээр байх аж.
Удалгүй гаднаас хүүхдүүдийн ээж, Идэр хүүгээ үүрэн гэрт орж ирэв. Хүүгээ эмнэлэг үзүүлэх гэж явахад нь танай гэрийн гадна олон машин байна, хүмүүс ирсэн бололтой гэж замд таарсан таньдаг хүн нь хэлсэн тул яаран буцсан аж. Учир нь цагдаагийн хамгаалалтад явуулсан нөхрийг нь ням гаригт дүү нь батлан даалтад гаргасан бөгөөд гэртээ ирж тэднийг айлган сүрдүүлж, заналхийлж байхад нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Ганц худаг руу авч явсан аж. Түүнийг эргээд ирж гэж сандрахдаа хүүгээ үүрэн ийнхүү яаран ирсэн гэлээ. Бид түүнтэй ярилцаж, Идэрийн биеийн байдал ямар байгааг лавлаад түүнийг эмнэлэгт хэвтүүлж, өөрсдийг нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй холбогдон хамгаалалтад авах ажлыг хийх болсон. Харгис хэрцгий нөхөр Түр саатуулах 111 дүгээр ангид нэг сар, 14 хоног гээд олон удаа саатуулагдаж байсан ч гарч ирээд бүр аймшигтай ааш авир гаргадаг талаар тэрбээр өгүүлсэн.
.
Цагдаагийн байгууллагаас батлан даалтаар гарчихдаг нөхөр нь дахиад ч гарч ирэх магадлалтай. Хэрэв гараад ирвэл жинхэнэ хэрцгий үйлдэл хийхийг үгүйсгэхгүй тул тэднийг хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай гэж үзэн гэрээс явах болов. Энэ үеэр хоёр дахь хүү ээжийг маань, дүү нарыг минь хаашаа авч явах гэж байгаа юм, дахиад асрахад өгөх гэж байгаа юм хэмээн асгартал уйлсан. Учир нь ээж нь нөхрийнхөө ааш авираас айхдаа Идэр хүүг, ахынх нь хамт асрах газарт өгч байсан аж. Харин хүүхдүүдийнхээ халамжийн мөнгийг бөөнд нь авч, одоо амьдарч байгаа гэрийг худалдан авснаар хүүхдүүдээ өөр дээрээ авчирсан байна. Бид дүү нартаа санаа зовсон ахыг нь тайтгаруулж, аргадан бүх юм сайхан болохыг хэлж тайлбарлах үеэр надад гоё дугуй авч ирээрэй хэмээн захисан юм.
.
Гэрийн гадаа явах бэлтгэлээ хийж байтал тэднийхийг чиглэн нэг цагаан тэрэг ирэхэд бүгд л хэн ирж байгаа бол гэсэн түгшүүртэй бодолд автсан. Тэгтэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хүүгийн ээж, Идэр хүү хоёроос байцаалт авахаар ирсэн цагдаагийн ажилтан байсан тул бид араас нь очихоор болов. Харин энэ айлд тохиолдсон явдлыг олон нийтэд ил болгосон ЯТТ-ийн н.Батсүх эмч ажлаасаа түр чөлөө авсан хэмээн буцах болж, бид тусдаа явцгаасан юм.
.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст биднийг очиход тэдний хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, шүүх эмнэлгийн шинжээч эмч зэрэг хүмүүс угтан авсан. Харин Ганц худаг руу явсан гэх нөхөр нь мөрдөн байцаагчийн өрөөнөөс гарч ирсэн бөгөөд түүний сэтгэцийн байдлыг шалгахаар авчирсан гэж байв. Ээж хүү хоёр байцаалт өгч гэрчийн мэдүүлэг өгч байх үеэр “Лантуун дохио бүлгэм, шүүх эмнэлгийн эмч н.Энхтайван гэх нэг хүнтэй хамтран хандивын данс нээлээ, хөөрхий хүүд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс энэ дугаарт холбогдоорой хэмээн ХАС, ХААН банкны хоёр дугаар н.Энхтайван гэдэг хүний нэрээр Фейсбүүкт бичигдсэн байна. Та нар данс нээсэн юм у. Энхтайван гэж хэн юм гэсэн асуулт тус бүлгэмийн ахлагч Ч.Ганжавхлангаас утсаар хүмүүс асуугаад байв. Тиймээс учрыг нь асуухаар фейсбүүк дэх зарын эзэн Энхтайван гэгч рүү залгахад тэрээр мөрдөн байцаагчтай хамт байсан шүүх эмнэлгийн шинжээч гэх залуу байсан. Түүнээс учрыг асуухад би хүүд санаа зовоод ийм зар тавьсан юм. Гадаад дотоодод байгаа 500 гаран монголчууд тусална гэж байна лээ. Би маргааш Булган явна. Аяар та нарыг тэр хүмүүстэй холбож өгнөө гэж хэлэв. Хандивийн данс нээсэн талаар нь тодруулахад эхэндээ тийм нээсэн одоохондоо миний нэрээр байгаа гэж байснаа хэсэг хугацааны дараа "би тийм данс энэ тэр фейсбүүкт оруулаагүй" гэж мэлзээд удалгүй хаашаа ч юм явчихсан.
.
Харин бид түүний хувьд ямар нэг худал зүйл байгааг ярилцан тухайн үед ирсэн хэдэн ТВ-гийнхэнтэй хамт харгис эцгээс яриа авахыг хичээж мөрдөн байцаагчаас асуухад нарийн бичиг мэднэ. Тэр зөвшөөрөл өгдөг гэлээ. Нарийн бичиг гэх залууд учраа хэлж, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах, нөгөө талаар тэр хүн яагаад ингэж үр хүүхэддээ аймшигтай харгис ханддаг болохыг өөрөөс нь тодруулахыг хүссэн гэдгээ хэллээ. Гэтэл тэрбээр “Бид нэг хүний эрхийг хамгаалах нэрээр нөгөө хүнийх нь эрхийг зөрчиж чадахгүй” хариултыг өгсөн тул нийслэлийн цагдаагийн газраас зөвшөөрөл хүсч учраа хэлэхэд “Тэр хүн чинь Ганц худагт байгаа, яахаараа наана чинь байдаг юм. Тэгээд ч нэгэнт хэрэг үүссэн бол ЦЕГ-ын хэвлэлийн албаны дарга н.Сайнжаргал хурандаа мэдээлэл өгнө” гээд утсаа тасалчихав.
.
Ээж хүү хоёр мөрдөн байцаагчид мэдүүлгээ өгч, харгис эцэгт Эрүүгийн хуулийн 181.3 зүйл ангиар Бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр 5-8 жилийн хорих ял бүхий зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг мэдэж авсан. Мөрдөн байцаагч энэ үеэр зөвхөн хүүхдүүд гэлтгүй ээж нь мөн адил олон жил зодуур амсаж, гар чих нуруунаасаа хазуулж, цохиулсан сорви, хөхрөлт олноор байгааг харсан тул гэрч хохирогчоор татаж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах болсон. Түүний нөхөр өмнө нь хэд хэдэн удаа гэр бүл болж байсан. Хүн хазах, гэмтээдэг гэдгээр нь цагдаагийнхан мэддэг гэнэ. Тиймдээ ч ингэж удаан хугацаагаар нууж хааж явалгүй эрт ирэхгүй яасан юм бэ гэж хэлсэн талаар хүүхдүүдийн ээж өгүүлсэн.
. Нэгэнт цагдаагийн газарт мэдүүлгээ өгсөн, нөхөр нь хяналтад байгааг мэдсэн тул бид Идэр хүүг ээжийнх нь хамт эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт Идэр хүүгийн нурууны хоёр талд боолт хийсэн. Нэг нь эцгийнх нь заазуураар зүссэн гүн шарх, нөгөө нь заазуураар олон дахин хэрчсэн шарх гэнэ. Мөн нуруундаа хазуулсан, хөх няц болсон сорви, тэмдэг байснаас гадна хүү өвдөлтийг тэсэж сурсан нь харагдаж байсан. Үүний дараа бусад хүүхдүүдийг хамгаалалтад авах байранд хүргэж өглөө.
. Энэ бол өчигдөр өглөөний 09.00-17.30 цагт болсон бодит үйл явдал. Бид энэ асуудалд хандахдаа олны анхаарлыг татаж, сенсаац мэдээлэл болгохыг хүсээгүй тул аавынхаа харгислалыг амссан Идэр хүүгээс бусад хүүхдүүдийн болон ээжийнх нь нэрийг нууцлахыг хүссэн. Мөн Идэр хүү хаана ямар эмнэлэгт хэвтэж байгаа, ээж болон бусад хүүхдүүдийг хаана хамгаалж байгааг ч олон нийтэд зарлахыг хүсээгүй. Гэхдээ бүх болсон үйл явдал баримт, бичлэгтэйгээ байгаа гэдгийг мөн хэлмээр байна.
. Идэр хүү эрүүл болж, ар гэрийн асуудлыг шийдвэрлэсний дараа тэднийг хуучин бууринд нь биш, өөр газар шинэ гэрт амьдруулна. Тэдэнд хэрэгтэй зардал мөнгийг тооцож, яг юу хэрэгтэй гэдгийг тооцоолж байж, жинхэнэ хандивийн аянг албан ёсоор эхлүүлэхээр тогтсон. Ийнхүү бүтэн өдөржин ээж, хүүхдүүдтэй хамт байсан бид оройн 18 цагт Сүхбаатарын талбай дээр товлосон гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн цуглаанд ирсэн. Фейсбүүкээр зарласан энэхүү арга хэмжээнд 300 гаруй залуус оролцож, “Хүүхдэд ээлтэй хөрш” аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн хүүхэд бүрийн эрхийг хамгаалдаг тогтолцоог сайжруулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж гарын үсэг ч цуглуулсан. ЯТТ-ийн н.Батсүх эмч мөн энэхүү уулзалтад ирж, нэгэнт хүүхдүүдэд аюулгүй нөхцлийг бүрдүүлж чадлаа. Одоо хэдүүлээ тэдэнд илүү ихээр яаж туслах, хандив мөнгө хэрхэн цуглуулах зэргийг хэсэг ярилцаад ажилдаа эргэн явсан.
. Энэ үеэр Ч.Ганжавхлан хэсэг нөхдийн хамт шүүх эмнэлгийн эмч гэх Энхтайвантай уулзахаар явсан. Тэрбээр Энхтайван үнэхээр хүүхдүүдэд туслах гэж байгаа бол хамтран ажиллая гэж хэлэхээр явсан ч удалгүй эргэн ирсэн. Энхтайван гэгч ямар ч байсан маргааш хөдөө явахгүй, өглөө ээлжтэй гэж байна. Утсаа авахгүй байна. Идэр хүүг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаалт өгч байхад нь зургийг авч фейсбүүкэд “Би 10-14 цаг хүртэл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөнтэй ээж, хүүхдүүдийн хамт байлаа. Тэднийг хамгаалалтад авсан. Жавхаа чи өдөржин хаагуур явсан бэ” гэсэн утга бүхий мессеж бичиж, хүүгийн зургийг оруулсан байснаа ч устгачихсан байна гэлээ.
. Мөн энэ өдөр биднийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст байх үеэр Хүүхдийн төлөө үндэсний газраас 15 цагт аавдаа зодуулж бэртсэн таван настай хүүгийн асуудлаар мэдээлэл хийх тухай зар гарсанд үнэхээр гайхсан. Хүчирхийллийн золиос болсон тус гэр бүлийнхэнтэй өнгөрөгч баасан гаригаас хойш цагдаагийн ажилтнаас гадна туслая гэж очсон хүмүүс нь зөвхөн бид. Анх гэрт нь очсон нь гэвэл бидэнтэй хамт мэдээлэл бэлтгэсэн NTV-ийн сурвалжлах баг.
.
Өөр хэн ч ирээгүй гэдгийг ээж, хүүхдүүд гэрчилнэ. Гэтэл Хүүхдийн төлөө газар юу мэдэж мэдээлэл хийх гэж байгаа нь сонирхолтой санагдсаныг нуух юун. Учир нь биднийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд байх үед “Бид хүүхдүүдийг танайд байгаа гээд хэлчих үү” гэж байсан юм. Харин тэд өөрийн байрандаа мэдээллээ хийж, хэвлэлийнхнийг цуглуулан багагүй шоудсан гэмээр байна. Тус хуралд Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн Г.Ойнбаяр, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн ТББ-ын тэргүүн П.Цэвээн нар оролцжээ.
. Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү энэ үеэр “Хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюулгүй байдал ноцтойгоор зөрчигдөж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт болсон хэргийн хохирогч хүү таван настай И ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин хүүг зодсон төрсөн эцэг 40 гаруй настай Д Цагдан хорих төвд саатуулагдаж байгаад өнөөдөр суллагдсан. Гэвч тэрбээр гэртээ хариад дахиад охиноо зоджээ. Тиймээс түүнийг 461-р хорих ангид дахин саатуулсан. Мөн түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэрэв түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл 5-10 жилийн хорих ял оноох байх. Тэрбээр хүүгээ сүүлийн гурван жил өөрийн хүү биш хэмээн эхнэрээ хардахдаа балчир үрийнхээ хуруу, нуруу зэргийг заазуурдаж, гартаа чулуу атган толгой руу нь цохиж, хамрыг нь гэмтээж байсан” хэмээн өмнө нь ЯТТ-ын эмчийн мэдээлсэн баримтыг л дурьдсан байсан.
. Түүнчлэн энэ өдөр Төрийн ордны Иргэний танхимд хүүхдийн эрхийн асуудлаар зөвлөлдөх үеэр Хүний эрхийн үндэсний комиссоос Идэр хүүгийн гэрт очиж, үнэлгээ хийсэн. Манай хүмүүс ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ч хийжээ.
.
Монгол Улс хүүхдээ дээдэлдэг орон хэмээн Олон улсын хүний эрхийн конвенцид нэгдсэн. Гэтэл уг конвенцийг амьдрал дээр хэрэгжүүлдэггүй гэдгийг өнөөгийн нийгмийн маш олон жишээ баримтаас харж болно. Хүүхдүүд уйлж байна. Тэдний эрхийг хамгаалах нь томчууд бидний үүрэг. Тэр таны хүүхэд, дүү байх албагүй. Хүүхэд л бол хүүхэд. Хүүхдийн төлөө нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхдийн элч дуучин гээд маш олон хүн “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе” хэмээн уриалж яваа. Үнэндээ монголын өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалж, уриалахаас илүүтэй бодит үр дүн хэрэгтэй байна.
. Түүнчлэн УИХ-ын эрхэм эмэгтэй гишүүдэд хандаж “Тамхины тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль”-ийг хэрэгжүүлж байгаа шигээ “Архины тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх хууль”-ийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Мөн хороо дүүргийн нийгмийн ажилтнууд архинаас хамааралтай айл өрхүүдийн нарийвчилсан судалгаа хийж, холбогдох байгууллагуудад өгч харилцан уялдаа холбоотой ажилладаг болмоор байна. Бид энхрий үрсийнхээ нулимс, зовлон шаналалын араас хөөх биш тэднийг хамгаалж, эрсдлээс урьдчилсан сэргийлдэг зөв тогтолцоотой нийгэмд амьдрах эрхтэй. Хүүхэд бүхэн Монгол Улсын маань ирээдүйн эзэд гэдгийг хүн бүр мартах учиргүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ