СӨХ-дод хуулийн хариуцлага хүлээлгэжээ
Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж буй “ЖМБО”, “Баруун их нарлаг өргөө”, “Таун комфорт”, “Богд-Асар”, “Пума”, “Сансар дэнж өргөө” “Ганга-Өргөө”, “Дэнж сансар өргөө”, “Хүч сервис” ХХК-иудын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа “Өрсөлдөөний тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлаар ШӨХТГ-аас шалгалт хийжээ. Энэ асуудлаар өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
Тэдний мэдээлж буйгаар шалгалтын явцад иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдал хангалтгүй, оршин суугчдын зөвшөөрлийг харгалзахгүйгээр нийтэд нь даатгалын үйлчилгээнд хамруулах замаар төлбөрийг шууд суутган авдаг, төлбөр давхардуулан бичдэг, тодорхой хууль зүйн үндэслэлгүйгээр төлбөр ногдуулдаг, айл өрхөөс аж ахуйн нэгжийн тарифаар тооцон төлбөр ногдуулдаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Тухайлбал, “Пума”, ”Хүч сервис”, “ЖМБО” ХХК-иуд нь аж ахуй үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсны дээр сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хууль бусаар давхар эрхэлж байжээ.
Иймд ”Хүч сервис”, “ЖМБО” ХХК-д гурван сая, “Пума констракшн” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 10 сая, “Эв нэгдэл биднийх” СӨХ-ны гүйцэтгэх захиралд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу 50 000 төгрөгийн торгууль тус тус ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг харъяа байгууллагуудад цаашид давтан гаргуулахгүй байхад анхаарал хандуулж ажиллах талаар мэдэгдэл, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар болжээ.
.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ