
Дэлхийн Шатрын Холбоо, Олон улсын сурагчдын шатрын холбооноос энэ сарын 6-14-ны өдрүүдэд Грекийн Халкидики хотноо зохион явуулсан “Сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2013” талдаа 1,5 цагийн хяналттай, швейцарь системээр нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа.
Дэлхийн 42 улсын 550 гаруй өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулсан уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин оюун ухааны хүчээ сорив. Тэмцээний 7 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд эх орноо төлөөлж оролцсон Ази тивийн аварга Е.Төгстөмөр хожигдолгүйгээр 8 оноо авч /7 хожил, 2 тэнцээ/ аваргын алтан медаль хүртлээ.
Ийнхүү шатарчин Е.Төгстөмөр хүү Монголын шатрын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, анх удаа долоохон насандаа дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг эх орондоо авчирлаа. Е.Төгстөмөр хүүдээ Монголын ард түмэн нь баяр хүргэж, улам өндөр амжилт хүсэн “Шатрын Супер Их Мастер” болохыг ерөөе.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ