Пост трауматик ба Балмадууд
Дэлхийн III дайны оршил аль хэдийнэ эхэлжээ. Гэхдээ хүн төрөлхтөнд хамгийн их түйвээлтэй II дайнаас хойш сэмхэн биежсэн энэ дайн хүний хамгийн эрхэм сүм байх ёстой гэр бүлд дариа дэлбэлээд байна. Энэ дайны хохирогч нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд. Хэртхиймээр олон баримтыг хаанаас ч олоод харж болох юм. Өнөөх эрх чөлөөний өлгий ардчиллын загвар гэгдэх АНУ-д амьдардаг эмэгтэйчүүдийн 20 хувь нь байнгын бэлгийн мөлжлөг болон гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдардаг аж. Мөн нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн 25 хувь нь хамтран амьдрагч эсвэл нөхрийнхөө гарын “шүүс” болдог байна. Хүчирхийллээс хамгаалах төвийн мэдээлснээр гэр бүл зохиосон хосуудын ихэнх нь мөнгө, санхүү болон бусад асуудлаас үүдэж байнгын маргаантай оршдог. Үүнээс үүдэж тэдний хооронд үл ойлголцол үүсч, улмаар эхнэртээ гар хүрэх хандлага эр нөхрийн зүгээс эрс нэмэгддэг гэжээ.
.
Түүнчлэн гэр бүлийнхээ хүнийг зодож, танхайрдаг эрчүүдийн 80 хувь нь 25-аас дээш насандаа сэтгэцийн ийм зан үйлтэй болдог аж. Энд хамгийн эмзэглэмээр хохирогчид бол хөөрхий хүүхдүүд. Томчуудын маргааны шалтгаангүй буруутан ихэнхдээ хүүхэд болж хувирдаг гэнэ. Манайд ч мөн адил нялх балчир үрс эцэг, эхийнхээ уур, бухимдлын золиос болж сонсохоос хэртхиймээр тамлал хүчирхийллийг туулж байгаа талаар ойрд хэвлэлийн нүүр бүхэнд харагдах боллоо. Тохиолдол бүрийн ард байх зураглал ерөнхийдөө адил. Ажилгүй архичин, алс бөглүү нэг гэр хороололд уулын аманд амьдардаг, урьд бас л хүүхдээ эхнэрээ нүдэж хэсгийнхээ цагдаад хэд хэд дуудагдаж хоносон ч хуулийн хүрээнд хэд хоног саатуулагдаад гарсан гэх мэт. Ийм нэг хэрэг гараад олон нийт шуугиж эхлэнгүүт дагаад бөөн эх хүүхдүүдийг өмгөөлөгч байгууллага, хөдөлгөөнүүд амь орж ээлж дараалан зурагтаар ярилцлага өгч нар нь гарч, хийсэн, хийх гэж байгаа баахан ажлаа уралдуулан ярьж нөгөө анх зодуулж тамлагдсан хүүхдийн нэрийг мартуулах шахна.
.
Яг ийм дүр зураг аавдаа хэрцгийгээр зодуулж заазуурдуулсан 5 настай хүүгийн талаархи шуугианы эргэн тойронд өрнөлөө. Хэрэг явдал мэдээллээр цацагдангуут хүүхдийг хамгаалах ёстой байгууллагын нөхдүүд мэдэгдэл хийлээ. Энэ хурал дээр хүүхдийн эсрэг энэхүү гэмт хэргийн нийгмийн учир шалтгааны талаар бараг ярьсангүй. Харин хүүхдээ зодсон этгээд 5-10 жилийн хатуу ял авах тухай хуулийн санкцыг нь сэтгүүлчдэд хэлж өгч, болсон хэргийн талаар хажууд нь хараад зогсож байсан юм шиг л ярьж энэ хэргийг барьж аваад байгаа хуулийн байгууллагын ажлыг нь хөнгөлж өгөв. Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Гэр бүл, хүүхэд хамгааллийн хэлтсийн дарга, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн ТББ-ын тэргүүн нар оролцсон энэ хурлаас бид юу сонсож ойлгов.
.
“...Саяхан 12-18 өсвөр насны 650 хүүхдийн дунд судалгаа явуулахад, ихэнх нь аавыг ажилтай болгомоор байна, архинаас гаргамаар байна, ээжтэйгээ муудалцуулмаагүй байна гэж хариулсан. Эндээс харахад, гэр бүлд аавууд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй байна. Бид хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй ч айл бүрийн гэр бүлийн асуудалд оролцоод байх боломжгүй. Яагаад гэвэл монголчуудад гэр бүл дэх асуудал бусдад үргэлж хаалттай байсан. Үүнийг нээхийн тулд манай хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага идэвхтэй өрнүүлдэг. Энэ ажил “хаалттай” гэр бүлийг нээхэд оршиж байна” гэжээ.
.
Янзтай, өнөө цагийн эмэгтэйчүүд хүүхдийн асуудлаар ажилладаг нөхдүүдэд хуулуулаад цээжлүүлээд баймаар сонгодог өгүүлбэрүүдийн загвар жишээ. Ер нь энэ хүмүүсийг хэн айл гэрийн асуудалд оролц гээд байгаа билээ. Аль оронд гэр бүл дэх асуудал нь бүхэнд ил нээлттэй байгаад байгаа юм бэ гээд сонссон хүн бухимдаж хэрэлдэх хэмжээнд очихоор. Өнөөдөр энэ чиглэлийн хүмүүсээс арай л өөр яриа сонсмоор санагдана. Энэ хүүхэд гэр бүлийн асуудлаар бодлогыг тодорхойлдог бас хэрэгжүүлдэг гэх байгууллагын удирдлагууд гэр бүлийн хүчирхийллийг их далд болдог, олж харах аргагүй л гэлээ. Үнэнч байх. Хүүхдээ зодоод байгаа айл, хүн бүрийг олоод бариад бай гэж энэ нөхдүүдэд төр цалин ямба өгөөгүй. Яг үнэндээ бол энэ нөхдүүдэд л ажлаа муу хийгээд байгаа болохоор өнөөх хаалттай байдал улам нэмэгдэж хажуу айл, сайхан сэтгэлт хөрш зэрэг олон нийтийн мэдээллээр зарим нэг хэрээс хэтэрсэн хэргүүд нь ил болж анхааралд орж ирээд байгаа юм. ..Бид тааруу ажиллаад байна, дүгнэлт хийж байна .... ийм хэрэг явдал гараад байгаагийн цаад суурь нийгмийн шалтгаан нь ийм юм, тийм юм гээд нээлттэй ярьж олон нийтийн санаа бодол шүүмжлэлийг анхааралтай сонсож “доошоо” орохгүй дарга нар хэт олон болжээ.
.
Ядарсан, зодуулсан, хүчирхийлэлд өртсөн хүмүүсээсээ хэтэрхий хол жинхэнэ хаалттай суудаг дээрхи нөхдүүд сенсаацтайхан хүчирхийллийн хэрэг явдал гарвал хамгийн түрүүнд хэвлэлийн хурал хийж хариуцлага хэл амнаас давхар бултаж байна. Тэдэнд нэг удаагийн хэвлэлийн хуралд төлөх мөнгө бол харин байнга бэлэн байгаа шүү. Энэ хурлаараа ийм хэрэгт өртсөн адил төстэй бүлэгт мэдээлэл өгч өөрсдийгөө байгаа гэдгийг сурталчилж байна гэж ойлгоё. Харамсалтай нь энэ хэргийг телевизээрээ харж өөрийн байдлаа харьцуулж үзэн хүчирхийлэлд байгаагаа ойлгож аврагдах боломжоо ашиглах ёстой тэр эмэгтэйчүүд хүүхдүүдийн гэрт өнөөх зурагт мэдээлэл нь байхгүй л байгаа байхгүй юу. Өнөөх 5 настай хүүгийнд лав зурагт харагдаагүй. Харин намын далбаа байсан. Зурагт байсан ч аль нэг солонгосын драм юм уу, хүчирхийлэлтэй кино их гардаг нэг суваг дээр тааруулсан байгаа. Ер нь бол хамар хашаа гудмаараа нэг яригдсан зартай танхайчууд л ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллийг ил шууд үйлдэж байна. Харин манай нөгөө дарга нарт бол энэ хаалттай айлууд юм байна.
.
Хүний төлөө ажлаа сайн хийсэн гэж тайлан бичээд цалин авах үедээ тэгэж чадсан уу гэж өөрөөсөө асуугаад гар нь чичирдэг ёс суртахуунтай дарга нар л ирж байж хүчирхийлэл ноёрхсон гэр бүлийн хаалгыг нээх юм байна гэж ойлголоо. Гаднаас нь хараад шүүмжлэхэд амархан, энэ бол маш нууц явагддаг, ажилгүй ядуу архичид их байна гээд олон зовлон бэрхшээл тоочих байх. Гэхдээ энийг чинь бид бүгд цээжилсэн байна. Яагаад.
Юм хийдэггүй, сэтгэлгүй ажилладаг шалтгааныхаа тайлбарыг одоо жоохон өөрчилмөөр болжээ, дарга нараа. Дэлхийд нэг минут тутамд 24 эмэгтэй ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэнэ. Харин монголд яг одоо хэчнээн хүүхэд сэтгэцийн “пост трауматик” буюу уур бухимдлын өвчтэй гэх балмадуудын гарын шүүс болж байгааг ядаж таамаглаж байгаа юу хүүхдийн элч хамгаалагч, төрийн түшмэдүүдээ.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ