Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжлээ

img

  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ. Засгийн газрын өнгөрсөн оны 169 дүгээр тогтоолоор санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Уг тогтоолд Япон Улсаас олох экспортын болон бусад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглах тухай асуудлыг тусгасан байна. Энэ үндсэн дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай хийсэн уулзалт, хэлэлцээний үр дүнд экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Японы тал ирүүлээд байгаа аж. Уг төсөлд зээлийн хэлэлцээрт заасан хэмжээгээр зээлийн шугам нээж, зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийн хүсэлтэд нь үндэслэн зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү хэлэлцээрээр нийтдээ 8 тэрбум иен буюу одоогийн ханшаар 81 сая ам.доллар хүртэлх хэмжээний зээлийг 11 жил хагасын хугацаанд авч ашиглахаар тохиролцоод байгаа юм байна.Зээл авах төслийн нийт үнийн дүнгийн 85 хүртэлх хувийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк санхүүжүүлэх агаад үлдсэн 15 хувийг тухайн зээлийг  авах аж ахуйн нэгжүүд хариуцахаар төсөлд тусгажээ. Мөн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг Олон улсын хамтын ажиллагааны банк, үлдэх 40 хувийг төсөлд оролцогч Японы санхүүгийн байгууллагууд хариуцах аж. Экспортын зээлийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авч дотоодын арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх агаад арилжааны банкууд эрсдлээ бүрэн даах юм байна.Энэхүү зээлийн хэлэлцээрийн төслийг Төсөв, Эдийн засгийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэнийг байнгын хорооны дарга танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн З.Энхболд зээлийг Засгийн газар хариуцахгүйгээр тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө авч болохоор зохицуулсан нөхцөл гаргаж өгч блох эсэхийг тодруулахад сайд Н.Батбаяр “Японы тал манай арилжааны банкуудын чадавхийг судалж байж шийднэ гэсэн. Учир нь манай арилжааны банкууд бүгд В зэрэглэлд хамаардаг, Японы тал урьд ийм зэрэглэлийн банкуудад зээл олгож байгаагүй, гэхдээ асуудлыг ярилцах болно гэсэн” гэлээ. Харин гишүүн О.Баасанхүү зээл нь аж ахуйн нэгжүүдэд аль болох дарамт багатай байх талаар лавлахад сайд “Засгийн газар зээлийг аваад дотоодын арилжааны банкуудаар дамжуулж аж ахуйн нэгжүүдэд олгох юм. Банк өөрөө эрсдлээ даах учраас бидний урьдчилсан тооцоогоор аж ахуйн нэгжүүдэд жилийн 7-9 хувийн хүүтэй очих байх” гэсэн хариулт өгөв.Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшөөрч дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул хуралдааны тэмдэглэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгий газарт хүргүүлэхээр боловгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ