Мөнхийн хөрш ба Монгол
В.И.Якунин Монголд ирээд буцлаа.
Богинохон хугацаанд болсон энэ уулзалтаас мартагдахааргүй сэтгэл ханажтай үлдлээ гэж хоёр тал сайшаалтай мэдэгдэлийг хийж байна. Хэвлэлүүдээр мэдээлж байгаагаар бол уулзалтын үеэр манай Ерөнхий сайд дэд бүтцийн салбарт цаашид хамтын ажиллагааны механизмаа нарийвчлан тодорхойлж, илүү хурдтай урагшлах шаардлагатайг ч хэлсэн байна.
Харин ноён В.И.Якунин “Бидний хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгаа ч төслийн үйл ажиллагааг өргөжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн нь одоогийн шинэ төмөр замын төсөл дэх өөрийн оролцоондоо тийм ч их сэтгэл хангалуун биш буйгаа хэлсэн санаа болов уу.
.
Монголын төмөр зам гэдэг энэ салбарт Оросууд олон эрх ашгаа суулгаж байж “хорошо” гэж хэлнэ. Мэдээж В.И.Якунин гэдэг энэ эрхэм маш тодорхой асуултад хариултыг газар дээр нь аваад буцах зорилготой манай улсад яаран ирсэн байж таарна. Тэр нь чухам яг юу байсан бэ гэдэг нь хэд хоногоос тайлагдах биз.
Лавтай манайхны шинэ төмөр замынхаа 49 хувийг гадны хөрөнгө оруулалтаар босгох шийдвэр таалагдахгүй байгааг, энэ 49 хувийг оросын тал дангаараа гарган энэ хэрээрээ олон давуу эрх эзэмших хүсэлтэй байгаагаа лав давтан хэлж 7 тэрбум ам.доллар бэлэн буйг сануулсан байх. Тавантолгойн ордод өөрийн сонирхлоо хадгалах гэсэн санаагаа мөн л мөнхийн хөршийн давуу тал болгон төмөр замын асуудлуудыг босгон илэрхийлж байсан.
Дэлхийн социалист хүрээний цөөхөн хэдхэн оронд Сталины тавиулсан өргөн царигийн төмөр зам өнөөдрийн Монголыг дэлхийн зах зээлд гаргах хийгээд бие даасан байдлаар зах зээлдээ дөтөлсөн төмөр замын бүтцийг бий болгоход нэлээдгүй маргааныг дагуулж байгаа.
.
Хэдэн жилийн өмнө АНУ-ын Мянганы сорилын сангаас өгөх мөнгөнөөс төмөр замаа өөд нь татаад авья гэсэн манай улстөрчдийн шийдэлд оросууд мөн л нөлөөлж тэр дор нь сancel болгож байсан. 2012 оны сонгуулийн дараа Өмнөговь аймгийн Гашуун сухайтаас урд хил рүү чиглэсэн нарийн царигтай төмөр зам тавихаас үүдэлтэй маргаан тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга, МСS хоёрын дунд үүсч манай толгой эдийн засагчид, салбарын мэдлэгтнүүд татагдан оролцож байв.
Олборлосон нүүрсээ хамгийн тойруу замаар Оросын нутгаар дайруулан тээвэрлэж зах зээлд гаргана гэж зүтгэсэн Х.Баттулга сайд ямар ч байсан төмөр зам тавих зөвшөөрлөө авчихаад байсан Ухаа толгойн төслийг эргэн харах гэдгээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулж чадсан.
Хамгийн сүүлд гэхэд МҮАН-ын лидер М.Энхсайхан мөн л төмөр замын тээврийн талаархи бодлого дээр Засгийн газраас өөр байр суурьтай байсан үндэслэлээр Монгол Төмөр зам төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч шуугиан тарьсан. Товчхондоо мөнөөх л Гашуун сухайтын төмөр замыг нарийн царигтай байхыг дэмжсэн нь Х.Баттулга гишүүний эгдүүцлийг хүргэсэн гэдэг.
.
Эцэст нь УИХ-аас баталсан бодлогод төмөр замаа өргөн царигтай байна гэсний дагуу урагшаа тавих төмөр зам ч өргөн царигтай байхаар ТЭЗҮ хийсэн. Үүний зэрэгцээ нарийн цариг байвал илүү ашигтай гэсэн эдийн засгийн тооцоо ч байсан.
Гэхдээ төмөр зам, стратеги аюулгүй байдал гэсэн улс орны чухал асуудлуудын тухай ярьж байхад ашиг гэдэг ойлголт нь тийм ч тэргүүн зэргийн сэдэв болохгүй гэдэгт хаана хаанаа санал нэгдсэн байх. Гэхдээ мөнхийн хөршийн, мөнхийн эрх ашгийг дагаж төмөр замын цариг нь лав оросуудын талд гарлаа гэх хардлага ч олон нийтэд байгаа. Хөршөө сонгодоггүй гэж үг байдаг.
Энэ үгийн жишгээр шинэчлэлийн Засгийн газар Монголын онцлогийг хадгалсан төмөр замын шинэ төслийг хэрхэн буулгахыг бид одоо харах юм. Хоёр хөрш ч гэж бий, гурав дахь хөрш ч гэж бий. Гэхдээ Монголынхоо эрх ашгаас дээгүүр тавих "мөнхийн хөрш”-ийн эрх ашиг гэж үгүй билээ.
.
В.И Якунин ирээд явлаа. ХОРОШО гээд л буцсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ