
УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Арга хэмжээг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар үг хэллээ. Тэрбээр энэ үеэр УИХ-ын Тамгын Газраас төрийн байгууллагуудад төдийгүй аймаг, нийслэл дэх Иргэний танхим, парламентын үйл ажиллагааг сурталчлах төвүүд болон төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, төрийн бус байгууллагууд, номын сан зэрэг нийт 70 орчим байгууллагад “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Өнгөрсөн оны 11 сараас эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн дугаар бүрийг хэвлэгдэн гарсан өдөрт нь Интернэтэд байршуулах болсон төдийгүй Монгол Улс нэгдэн орсон олон улсын Гэрээ, конвенци бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаар бүрийг УИХ өөрийн сайтдаа байршуулаад байна.
УИХ-ын Тамгын газар 2004 оноос эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарыг хэвлэн гаргаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Хүний эрх, олон улсын хөдөлмөрийн байгууллага, оюуны өмч, олон улсын шүүх, олон улсын худалдаа, терроризм болон бусад гэмт хэргийн эсрэг, олон улсын хүмүүнлэгийн болон байгаль орчин, экологтой холбоотой нийт 120 Гэрээ, Конвенци бүхий 9 тусгай дугаарыг хэвлэн гаргав.
Цаашид ч “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарыг үргэлжлүүлэн хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгоход анхаарч ажиллана. Энэ хүрээнд Монгол Улс нэгдэн орсон 40 гаруй олон улсын Гэрээ, Конвенци бүхий ээлжит тусгай дугаарыг хэвлэж гаргахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна.
Энэхүү үйл явдалд оролцохоор ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний нийгмийн танхим, Хууль зүйн яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Оюуны өмчийн газар, МУИС-ийн Хуулийн сургууль, Үндэсний төв номын сан, Сонгогчдын боловсрол төв, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Тамгын газар зэрэг байгууллагад “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг ийнхүү хүлээлгэн өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ