МИАТ шинэ агаарын хөлгөө хүлээж авлаа
Шинэ онгоц 11700 км замыг тасралтгүй туулж иржээ
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өөрийн гэсэн анхны онгоцтой боллоо. Монгол Улсын анхны Боинг 767-300ER загварын агаарын хөлөг өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд амжилттай газардав. Агаарын хөлөг алсад нисэх зориулалттай бөгөөд АНУ-ын Сиэтл хотоос замдаа ганц ч буулт хийхгүйгээр 11700 км замыг туулж, ойролцоогоор 11.20 цаг нисч иржээ.
Шинэхэн онгоцоо хүлээн авах ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нар оролцож үг хэллээ. Хөлгийн багийн анхны гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, 2-р нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтсан юм. Боинг 767-300ER анхны нислэгээ энэ сарын 25-нд БНСУ-ын нийслэл Сөүл хот руу хийхээр болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.
.
Монгол Улс шинэ онгоцтой болсонтой холбоотойгоор МИАТ компаниас одоо байгаа нислэгийн тоогоо нэмэгдүүлж, дахин шинээр нислэгийн замуудыг нээхээр бусад орнуудтай гэрээ хэлэлцээрийн түвшинд яриагаа идэвхитэйгээр өрнүүлж байна. Учир нь Төрийн банкнаас авсан зээлээ нислэгийн тоогоо нэмэгдүүлснээр, богино хугацаанд эргэн төлж дуусах бололцоотой болох юм. Дашрамд хэлэхэд, дотоод, гадаад бүх нислэгийн тийзны үнэ ойрын хугацаанд тодорхой хувиар нэмэгдэх тухай мэдээллийг албаныхан хэллээ.
.
Энэ үеэр Боинг 767-300ER загварын агаарын хөлгийн ахмад, МИАТ компанийн Ерөнхий нисгэгч Г.Мөнх-Очир “Миний хувьд 24 дэх жилдээ нисэгч хийж байна. Монгол улс шинэ онгоцтой болсон нь Монголын агаарын тээврийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Боинг 767-300ER загварын онгоцыг анх удаа монгол нисгэгч нар жолоодож, амжилттай газардлаа. Бид энэ онгоцоороо 9000км/ц-ийг хурдтайгаар 11.20 цагийн дотор 11700 км замыг туулж, ирлээ. Нислэгийн үед цаг агаар тогтуун сайхан байлаа. Анхны зорчигчид маань Засгийн газрын төлөөлөл, МИАТ, Иргэний нисэхийг газрынхан гээд 30 гаруй хүн байсан. Боинг 767-300ER агаарын хөлгийн техникийн үзүүлэлтийн хувьд нийт 220 зорчигчийн суудалтай, 25 бизнес ангилал, 195 энгийн ангилалтай. Нислэгийн алслалт 11.070 км, Шатахууны багтаамж 90.770 литр, 10-20 мянган кг ачаа тээвэрлэх бүрэн чадалтай” хэмээн ярив.
Алсын Америк хаяанд иржээ
Монголын анхны агаарын хөлгийг хүлээж авах ёслолын үеэр МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай цөөн хором ярилцлаа.
- Юуны өмнө шинэ онгоцтой болсонд баяр хүргье?
-Баярлалаа. Боинг 767-300ER онгоц зөвхөн МИАТ-ын өмч биш. Монголын нийт ард түмний агаарын хөлөг. Боинг 767-300ER онгоцыг Монгол Улс заавал авах ёстой гэх шийдвэрийг 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж байсан. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон нар гэрээ хэлэлцээрийн асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж ажилласан. Гэрээ хэлэлцээр хийгдснээс хойш хоёр жилийн дараа эхний онгоцоо ийнхүү хүлээж авч байна. 2016 он гэхэд үлдсэн хоёр онгоцоо авна. Манай компани байгуулагдснаасаа хойш хагас зуун жилийн хугацаанд үндэсний агаарын тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Харин шинэ онгоцтой болж байгаа маань Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах шинэ бодлого юм. Энэ бодлогын хүрээнд МИАТ компанид агаарын тээвэрлэгчийн статусыг албан ёсоор олгосон маш том алхам боллоо.
.
-Зарим хүмүүс АНУ-руу шууд нислэг үйлддэг болно гэж ярьж байна. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Алсын Америк хаяанд иржээ. Бид энэ асуудлыг ярилцаж байгаа. Удахгүй АНУ руу шууд нислэг үйлддэг болно гэдэгт итгэлтэй байна. Шинэ агаарын хөлгөө авчрахын тулд бид АНУ-ын Сиэтл хотоос шууд нислэг үйлдлээ. Хэдийгээр 12 цаг орчим ниссэн ч АНУ манай улсад их ойрхон болсон юм шиг санагдлаа.
.
-Шинэ Боинг 767-300ER онгоцийг хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ?
-114 сая ам.доллараар, банкны зээлээр авч байгаа. Бид энэ өрийг 10 жилийн хугацаанд төлж дуусгана.
.
- “Боинг” компаниас хэдэн жилийн баталгаа олгосон бэ?
-“Боинг” компани 20 жилийн баталгаат хугацаа олгодог. Энэ хугацаанд үйлдвэрээсээ ашигласан жил, ниссэн цагаараа тухайн онгоцонд тодорхой үйлчилгээнүүд хийгдэж, хугацааг нь сунгаад явдаг.
.
-Манайд онгоцны гараж буюу ангар хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Ангарын асуудлыг шинэ онгоцнууд ирэхээс өмнө шийднэ. 2016 онд гэхэд Хөшигтийн хөндий дэх шинэ нисэх буудал ашиглалтад орно. Шинэ нисэх буудал ангарын асуудалд түлхүү анхаарах байх.
.
Б.Аянга
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ