”Челси” хожиж, ”Арсенал” тэнцэж, ”Ливерпуль” хожигдлоо

img

Зургаан тоглолт дараалан лигтээ ялалтын амтыг мэдрээгүй “Челси” өнөө өглөө үүрээр Флоран Малудагийн оруулсан нэг бөмбөгөөр “Болтон”-ыг буулгаж авлаа. Харин хоёр хоногийн өмнө тэднийг итгэлтэй хожсон “Арсенал” “Уиган”-ы талбайд зочлон тоглоод нэг л оноо салгаж чадав. Андрей Аршавин гоёмсог гоол оруулж, Никлас Бендтнерт гоолын дамжуулалт өгсөн нь “Арсенал”-ын хожилд хангалтгүй байлаа.“Уиган” пенальтиас нэг гоол оруулсан бол тэнцээний бөмбөгийг Скилаччи өөрийнхөө хаалганд хийсэн юм. Тоглолтын 78 дахь минутад Шарль Н Зогбиа Уилширийг мөргөснийхөө төлөө талбайгаас хөөгдөж, “Уиган” арвуулаа тоглоход хүрсэн. Энэ тоглолтод Арсен Венгер “Челси”-тэй тоглоход анхлан үндсэн бүрэлдэхүүний найман тоглогчийг сольсон байлаа.

Рой Хожсоноор удирдуулсан “Ливерпуль” лигтээ хомоол хамагч “Вулверхэмптон”-д талбай дээрээ хожигдлоо. Хэдийгээр ахлагч Жеррард нь эргэн ирж, Торрес, Кейт нар талбайд гарсан ч тэд “Энфилд”-д гутамшигтайгаар хожигдол амсав.

Ийнхүү Манчестерийн хоёр баг жагсаалтыг ижил оноотой тэргүүлэн шинэ оныг угтлаа. Тоглолтын дараа дасгалжуулагчид юу ярьсныг толилуулья.

Арсен Венгер “Арсенал”: Бид сайн тоглосон. Өнөөдөр талбайд гарсан тоглогчид “Челси”-гийн эсрэг ч талбайд гарах бүрэн боломжтой байсан. Миний бодлоор “Челси”-тэй тоглосон бүрэлдэхүүний найман тоглогчийг сольсон нь ямар ч нөлөө үзүүлээгүй. Энэ найман тоглогч бүгдээрээ шигшээ багийнхаа тамирчид. 2:1-ээр хожиж явахдаа стандартаас гоол алдсан нь харамсалтай. Тоглолт их хүнд болсон.Аршавин, Бендтнер хоёр сайхан гоол орууллаа.

Карло Анчелотти “Челси”: Бидэнд хожил маш чухал хэрэгтэй байлаа. Хожсоноор өмнөх бүх бүтэлгүйтлээ мартахад хэрэгтэй. Одоо бидний өөртөө итгэх итгэл сэргэсэн. Эхний үед тоглолт сайн гарахгүй байсан. Харин хоёрдугаар үед бид сайн тоглож гоол оруулж дөнгөлөө. Хамгаалалтандаа ч тун сайн тоглолоо.

Рой Хожсон “Ливерпуль”: Бид боломжоосоо доогуур тоглолоо. 0:0-ээр тэнцсэн бол илүү шударга дүн болох байв. Бид өнөөдөр бүхнийг сэргээхийг хүссэн ч талаар боллоо. Тоглогчид тун сэтгэл дундуур байна. Хөгжөөн дэмжигчид бүр уурсан бухимдаж байна. Гэхдээ хожигдлоо гээд сэтгэлээр унах хэрэггүй.

“Челси” — “Болтон” 1:0 “Челси”: Чех, Иванович, Коул, Босингва (Феррейра, 90), Терри, Эссьен, Рамирес, Лампард, Малуда, Дрогба, Анелька (Калу, 90)

“Болтон”: Яскеляйнен, Робинсон, Кэхилл, Найт, Риккеттс, Муамба, Тейлор (Петров, 78), Холден (М.Дэвис, 82), Элмандер, К.Дэвис, Морено (Класнич, 72)

Гоол: Малуда, 61 Шар хуудас: Иванович, 26 - Тейлор, 44

“Уиган” — “Арсенал” 2:2 “Уиган”: Аль-Хабси, Гухури, Алькарас, Колдуэлл, Стам (Фигуэроа, 86), Томас, Уотсон, Н Зогбиа, Клеверли, Диаме (Макартур, 72), Родальега

“Арсенал”: Фабьянски, Санья, Косьельни, Скиллачи, Эбуэ, Диаби (Уилшир, 27; Уолкотт, 83), Росицки, Денилсон, Аршавин (Насри, 83), Шамах, Бендтнер

Гоол: Уотсон, 18-пен; Скиллачи(өөртөө) 81 - Аршавин, 39; Бендтнер, 44 Шар хуудас: Колдуэлл, 74 Улаан хуудас: Н Зогбиа, 78

“Ливерпуль” — “Вулверхэмптон” 0:1 “Ливерпуль”: Рейна, Шкртел, Кирьякос, Кончески (Аурелио, 74), Жонсон, Лукас, Жеррард, Мейрелеш (Коул, 73), Кейт, Нгог (Бабел, 63), Торрес

“Вулверхэмптон”: Хеннесси, Берра, Стирмен, Элокоби, Зубар, Фоли, Жарвис (Эдвардс, 89), Уорд (Флетчер, 78), Мильяш, Хант, Эбенкс-Блейк

Гоол: Уорд, 56 Шар хуудас: Жонсон, 76 - Элокоби, 31

СЭТГЭГДЭЛ БИЧИХ