
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Эх орон-36” Хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өчигдөр Төрийн ордны Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт уг дэд хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүн, АН-ын Бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон хамтран зохион байгуулж, дэмжиж ажиллаж буй ТББ-ууд, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд, сургагч багш нарын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас энэхүү хөтөлбөрийн талаар тодрууллаа.
-“Эх орон 36” хөтөлбөрийн нэрэнд багтсан 36 гэдэг тооны учрыг тодруулаач?
-Бид энэ хөтөлбөрөөр дамжуулж, Монголын өсвөр үеийн хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхийг зорьж байна. Үүний тулд эзэмшвэл зохих 36 төрлийн мэдлэг, ур чадварыг тодорхойлж, хөтөлбөртөө тусгасан юм. Нэрний хувьд үүнтэй холбоотой. Бид энэ цогц үйл ажиллагааг хүүхдүүдэд санал болгохдоо сонголт хийх боломж олгож байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд 2-4 хоногийн шаталсан сургалт зохион байгуулж байна. Энэ сургалт нь арга зүйн хувьд их онцлогтой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үйл явдалд оролцохдоо шинэ, мэдлэг, чадвар, дадлыг олж авч байгаа юм. Хамтран ажиллаж буй байгуулагуудаас бэлтгэсэн 25 сургагч багш хүүхдүүдтэй тулж ажиллаж байна.
-Одоогоор хичнээн хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байгаа вэ?
-Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт өнөөдрийн байдлаар нийслэлийн СХД-ийн 250 эрэгтэй сурагч, БЗД-ийн 250 эмэгтэй сурагч, нийт 500 хүүхэд хамрагдаад байна. Ирэх наймдугаар сарыг дуустал нийслэлийн зургаан дүүргийн 14-16 насны нийт 3300 хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм. Эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ ондоо багтаж, орон нутгаас мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж, улмаар улсын хэмжээнд зохион байгуулахыг зорьж байгаа. Хөтөлбөрийн гуравдахь сургалт энэ сарын 18-ны өдөр буюу ирэх амралтын өдрүүдэд “Найрамдал” төв дээр зохион байгуулагдана.
-Хүүхдүүдийг орон нутгаас ирүүлж, сургахад нэлээд хөрөнгө шаардагдана. Сургууль болон гэр бүлийн орчинд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж болох уу?
-Хөтөлбөрт тусгагдсан мэдлэг, дадлыг аль болох вакумжсан орчинд, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу олговол илүү үр дүнтэй болох нь харагдаж байгаа юм. Мэдээж, гэр болон сургуулийн орчинд зохион байгуулахад болохгүй гэх зүйлгүй.
-Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүн?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёрын санаачлан ажиллаж буй энэ хөтөлбөрийг МУЗГ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Иргэн Та Баялаг” сан хамтран хэрэгжүүлж, “JCI Монгол” ТББ, Монголын Скаутын холбоо дэмжин ажиллаж байгаа юм.
Хэлэлцүүлгээр “Эх орон-36” хөтөлбөрийн эхний үйл явцыг танилцуулж, дээр дурдсан хэрэгжүүлэгч, дэмжигч байгууллагууд болоод хөтөлбөрт оролцогч хүүхдүүдээс санал авч, хөтөлбөрийг цаашид улам далайцтай хэрэгжүүлэх тал дээр санал солилцсон. Ингэхдээ баахан дарга нар эсвэл багш нарыг яриулахаас илүүтэй хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсохыг чухалчиллаа. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрлээ.
Цаашдаа бид Амьдрах ухааны сургуулийг бий болгох нь зөв юм гэж дүгнэсэн. Хэдийгээр өнөөдөр манайд маш олон ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг ч тэдгээр нь академик буюу дипломын боловсрол олгоход л чиглэдэг. Яг хүнээ хөгжүүлэх, төвөлшүүлэх, өөрөө өөрийгөө аваад явах дадал олгох сургалт манай боловсролын системд дутагдаж байна. Дэлхийн бусад орнуудад энэ төрлийн хөтөлбөрт төрөөс нь онцгойлон ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө ч зарцуулдаг.
Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. Үүнээс урьдчилан сэргийлэх гол арга зам бол хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх явдал гэж бид үзэж байгаа. Хүүхэд, залуучуудын төлөө өнөөдөр бид “За” гэж хэлвэл ирээдүйд тэд маань эх орныхоо төлөө “За” гэж хэлнэ гэдэгт би итгэдэг.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 200 сая төгрөгөөр санхүүжүүлсэн гэсэн. Энэ мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хангалттай байж чадаж байгаа юу?
-Өнөөдөр манай улс эдийн засгийн өндөр өсөлттэй байна гэж ярьж байна. Гэтэл монгол хүнийхээ хөгжилд маш бага анхаарч байна. Энэ удаагийн хөтөлбөрт улсын төсвөөс 200 сая төгрөг төсөвлөсөн нь хангалттай төсөв биш. Энэ нь манай улсын нийт төсвийн ердөө 0.01 хувийг эзэлж байгаа юм. Гэхдээ бид чамлахаас чанга атгахыг хичээж, эхний удаад хөтөлбөрөө эхлүүлээд, шийдвэр гаргах түвшний хүмүүст ач холбогдлыг нь ойлгуулъя гэсэн зорилт тавьж ажилласан.
Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн иргэдийн хуралд ажиллаж байхад ч хүнийхээ хөгжилд ерөөсөө мөнгө зарцуулдаггүй, хамаг анхаарлаа зам, барилга, хөшөө барихад л хандуулаад байгаа нь ажиглагдаж байсан л даа. Одоо ч гэсэн улсын төсвөөс хүнийхээ хөгжилд зориулж, дорвитой мөнгө зарцуулж чадахгүй л байна. Энэ нь эргээд улс оронд хүний нөөцийн хомсдлыг үүсгэж байгаа юм.
Сонин хэвлэлд “Ажилд авна” гэсэн зар маш их гардаг ч ажилгүйчүүдийн түвшин буурдаггүй. Эрэлт, нийлүүлэлт хоёр яагаад нийлэхгүй байна вэ гэхлээр өрсөлдөх чадвартай, төлөвшсөн иргэн дутагдаж байна гэсэн үг. Өнөөдөр компанийн захирлууд ажилтан авахдаа дипломын боловсролоос илүүтэй тухайн хүнийг хэр төлөвшсөн бэ гэдгийг нь харгалзан үзэж, сонголтоо хийдэг болчихож. Тиймээс бид өнөөдөр иргэнийхээ хөгжилд хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай байна. Хэлэлцүүлгийн эцэст бид “Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуу үедээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийцгээе, хамтарч ажиллая” гэсэн уриалга гаргалаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ