“Алтайн хүдэр” компанийн ажилчид сэтгүүлчдийн эрхэнд халджээ
Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Алтайн хүдэр" компанийн хамгаалалтын “Сонор-Х” албаны ажилтнууд энэ сарын 7-ний өдөр сэтгүүлчдийн эрхэнд халдсан хэрэг гарчээ.
Тус компанийн үйл ажиллагааны ерөнхий байдлыг сурвалжлах гэж байсан “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлчдийг хөөж, “Монгол НD”, “Эко” телевизүүдийн камерыг булаажээ. Мөн сэтгүүлчдийн хамт явсан иргэний “I рhоnе4” гар утсыг хамгаалалтын ажилчид нь булааж, зугтсан байна.
Энэ талаар хохирсон сэтгүүлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэд “Алтайн хүдэр” компанийн ажилчид халдах үед бид “Алтайн хүдэр” компанийн хамгаалалтын бүсэд нэвтрээгүй байсан. Бид “Алтайн хүдэр” компани БОНХЯ-наас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгаа, үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж буйг сурвалжлахаар “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхантай хамт очсон байсан. Гэтэл “Алтайн хүдэр”-ийн гурван машин бүхий зургаан хамгаалагч обьект руугаа ойртуулаагүй. Мөн биднийг хэл амаар доромжилж, ажлын хэрэгслийг маань хүчээр булааж авсан. Тэдний гаргасан зүй бус авир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 139 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Уг хуульд “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол торгох буюу баривчлах ялаар шийтгэнэ” гэж тодорхой заасан байдаг. Иймээс бид энэхүү зүй бус харьцаатай компанийхантай тэмцэх болно” хэмээн ярив.
Дашрамд дуулгахад, “Алтайн хүдэр” компанийнхан өмнө нь “Өдрийн шуудан” өдөр тутмын сонины нэг сэтгүүлчээс олон тэрбум төгрөг нэхэмжлэнэ гэж сүрдүүлж, дахиж тэр компанийн талаар тус сонинд хэвлэхийг хориглож байсан удаатай билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ