
Өнөөдөр МоАХ-ны ахмадууд мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн жилээс эхлэн Богд уулын Богинын амын зүүн энгэрээс Соёмботой толгойг тойруулан зүүн тийш дөрвөн га газарт гацуур, хайлаас, чацаргана зэрэг 600 гаруй модыг суулгасан байна. Түүнчлэн, ээлжээр тарьсан модоо байнга эргэн тойрч, усалдаг байжээ.
Тэгвэл өнгөрөгч бямба гаригт буюу бүх нийтээр мод тарих өдрөөр нэмж мод тарихаар очиход нь зүүн энгэрт суулгасан 152 модных нь 50-ийг сугалаад, хугалаад, дээрээс нь шороогоор булаад хаячихсан байжээ. Тиймээс үлдсэн 50 орчим мод нь нахиалсан байхаар нь урамшиж, устсан 50 модоо нөхөн сэргээгээд явжээ. Гэтэл хоёр хоногийн өмнө бас л шинээр тарьсан болон нахиалаад байсан бүх модыг нь устгасан байж. Улмаар суулгацын нүхүүдийг чулуугаар битүүлж, шороо асгасан байсан гэнэ.
Энэ талаар тэд ярихдаа “Бид 20-иод жилийн тэртээ ардчиллын төлөө тэмцэж явсан зарим иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулан ийн мод тарьдаг байлаа. Богдхан уулын Богинын аманд тарьсан 100 гаруй модыг тухайн газарт аялал жуулчлалын компанийн нэрээр газар авсан нэгэн байгууллага устгасан. Байгаль орчин сүйтгэж, барилга барих хүмүүсийн бусармаг явдлыг болиулж өгөхийг холбогдох газруудаас хүсч байна” гэлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ