Т.Баясах: Хохирогчийн дүүг нялхасын сувилалд шилжүүлсэн

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг таван настай хүүг төрсөн эцэг нь балмадаар тарчилган зовоодог байсан тухай мэдээлэл түргэний эмч хувийн цахим хаягтаа оруулсанаар аймшигт хэргийн золиос болсон хүү, түүний гэр бүлийнхэний харамсалтай амьдралыг монголчууд мэдэх болсон.  Тус дүүргийн Тамгын газарт  уг хэрэгт холбогдуулан ажлын хэсэг гарч, нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Ингээд тус дүүргийн Хөдөлмэр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясахтай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа. -Таван настай хохирогч хүүгийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа гэж сонссон. Ингэхэд хүүгийн биеийн байдал ямар байгаа бол? -Нийслэлийн болон дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Хүчирхийллийн эсрэг төв зэрэг байгууллагын хамтарсан мэргэжилтнүүд хохирогч хүүгийн хэргийн нөхцөл байдал, гэр бүлийн орчин, эцэг эхийнх нь асуудлаар судалж ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, ажлын үр дүнгээс бид дараа, дараагийн шатлал бүхий арга хэмжээг авч ажиллана. Өнөөдрийн байдлаар хохирогч хүүгийн бие сайжирч байгаа мэдээлэл дөнгөж сая авлаа. Мөн хүүгийн ах, дүүг ч бас эмчилгээнд хамруулсан. -Хүүхдүүд нь ямар нэгэн байдлаар бүгд гэмтэл, бэртэлтэй байсан. Мөн бага хүүхдийг нь сувилалд шилжүүлэх талаар яригдаж байгаа гэдэг мэдээлэл байна? -Хүүхдүүдийг эмчилгээ, сувилгаанд хамруулсан одоо эмчлүүлж байгаа. Бага дүүг нь нялхасын сувилалд шилжүүлж эмчилгээ хийлгэхээр өнөөдөр шилжүүлсэн. -Хүүгийн аав хаана байгаа бол. Зарим хэвлэлээр суллагдсан. Бүр гэртээ ирж, эхнэр хүүхдүүдээ зодсон гэдэг мэдээлэл гарсан? -Энэ талаар надад мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар аавыг нь саатуулан шалгаж байгаа. Харин ээжийг нь хүүхдүүдтэй хамт эмчилгээ, сувилгаанд хамруулаад байна. -Аав нь ямар ажил хийдэг байсан юм бол. Энэ өрх танай дүүргийн харьяалалгүй гэдэг мэдээлэл байгаа. Үнэн үү? -Хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Яндан хийж, зах дээр зардаг байсан юм билээ. 11 дүгээр хороонд гурван жил амьдарсан, гэхдээ дүүргийн харьяалалгүй, шилжүүлгээ хийлгээгүй байсан юм билээ. - Ээжийг нь архи их уудаг байсан гэдэг мэдээлэл бас байна. Энэ үнэн үү? -Хамтарсан мэргэжилтний баг хохирогч хүүгийн гэр бүлийн нөхцөл байдлыг судлах юм. Бидэнд олон мэдээлэл ирж байна. Ирж байгаа мэдээлэл бүхнийг нягталж судалж, тогтоох ёстой. Ер нь магадлал өндөртэй үнэн, зөв мэдээллийг хөршүүд нь өгч байна уу даа гэсэн бодол байна. Ээж нь архины хамааралтай эсэхийг хуулийн байгууллага тогтоох байх. Мөн хүүхдүүдээ асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж чадвартай эсэхийг тогтооно. Хэрэв ирж байгаа мэдээллүүд батлагдаж, ээж нь хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхэд бэрхшээлтэй нь тогтоогдвол тусгаарлахаас өөр аргагүй. -Тусгаарлах гэдгээ тодруулахгүй юу? -Хүүхдүүдийг улсын асрамжинд өсгөх асуудал яригдана. Гурван хүүхдийн ирээдүй яригдаж байгаа болохоор хөнгөн шийдвэр гаргах боломжгүй. Магадгүй хүүхдүүдийг ээж нь цаашид асрах боломжгүй гэдэг дүгнэлт гарвал дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, улсын асрамжийн газарт хүлээлгэн өгөх болно. Үүнээс гадна, хорооны нийгмийн ажилтнууд эрсдэлд өртөж болзошгүй нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдүүдийг тодруулахаар судалгаа хийж байна. -Нэг ёсондоо дахин ийм гэмт хэрэг гарахаас сэргийлж судалгааны ажлыг хийж байгаа гэсэн үг үү? -Баянзүрх дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь буюу 300 орчим мянган хүн амьдарч байна. Түүнээс гадна, өдөр, сар жил тутамд орон нутгаас шилжин ирэгсэдийн дийлэнх нь манай дүүргийн нутагт суурьшдаг нь судалгаагаар батлагдсан зүйл. Орон нутгаас шилжин ирэгсэд газар олоод гэрээ барихаа л мэдэхээс харьяа хороо, хэсэгт бүртгүүлэхээ хойш тавьдагийн сөрөг үр дагавар хохирогч хүүд тохиолдсон явдал болоод байна. 11 дүгээр хорооны нийгмийн ажилтны хийсэн судалгаагаар зөвхөн Хонхор тосгонд гэхэд хохирогч хүүгээс гадна  38 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Баянзүрх дүүргийн хувьд орон нутгаас шилжин ирж байгаа иргэдийн дунд бүртгүүлж, харьяалал авах гэхээс илүү гэрээ барьчихлаа, одоо болно гээд санаа амарчихдаг хүмүүс олон байна. Хараа хяналтгүй, харьяалах нэгжгүй, бүртгэлгүй, орон нутгаас нүүдэллэн ирж, оршин суух тодорхой хаяггүй, зүгээр л газар олоод гэрээ барьчихсан олон айл өрхүүд байдаг. Эдгээр айл, өрхүүдэд нэг бүрчилсэн судалгаа хийж байна. Магадгүй энэ судалгаагаар  хохирогч хүү шиг байдалд орсон, илүү хүнд нөхцөлд амьдарч байж ч болох хүүхдүүд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хөөш энэ хүмүүс сургуульдаа муу байсан байж болно яагаад том болоод сайн хүн болж болдоггүй юм та нарын өнгөтэй өөдтэй явж байгаа нь хаана байна энэ хүн ингэж сайн явж байгаад нь баярлаач энэ хүн ямар арын хаалга шахалт нтр байгаагүй өөрийнхөө зүтгэл хөдөлмөрөөрөө энэ ажлыг олж авсан яасан та нар атаархаад бнуу
2016-12-14
золоо:
Хүүхдүүдээс гадна томууд гэрийнхээ архичны дарамтанд байнга зодуулж зовж байна энийг тусгаарлах албадан эмчлэх арга чарга бна уу
2013-05-17
Baab:
45 iin baysahuu eooe arai ch dee
2013-05-17
irgen:
nam nam
2013-05-17
Техникийн их сургуулийн гадаад хэлний сургуулийн 2003 оны төгсөгч:
Ёоо энэ Баясах уу, хичээл тасалдаг, шоучин, юу ч мэддэггүй л хүн байсан ш дээ, яааж яваад дарга цэрэг болчдог байнаа, арын хаалга, намын шахаа нтр байдгийг энийг хараад жинхнээсээ ойлголоо, гэнэт ид шидийн хүчээр ухаантай болчоогүй л бол энэ Баясах ...., ёо ёо арай ч дээ, ..,
2013-05-17