Хүүхэд хэмээх бурхнаа хүчирхийллээс хамгаалъя

img

Хүүхдийн эрх чөлөө, эрүүл орчинд амьдрах эрх, сурч боловсрох эрх, амьд явах эрх гээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, НҮБ-ын тунхагласан тунхаглалууд бүгд зөрчигдсөөр байна. Өнөөдөр хэвлэл бүхэн хүүхдийн эрх чөлөөний талаар бичиж, амтай бүхэн тэдний аюулгүй байдлын тухай хий хоосон яриа өрнүүлж, асуудал дэвшүүлдгээс өөрөөр хийж байгаа юм байхгүй гэхэд болно. Сүүлийн үеийн мэдээллээр нийслэл хотод байнгын тэнэмэл 131 хүүхэд байна гэсэн тооцоог гаргаад байгаа юм. Хүүхэд бүхэн гэр гэртээ тоглож наадаж эцэг эхийнхээ хайр энхрийлэлд торниж байна. Гэтэл эдгээр хүүхдүүд яагаад тэнэмэл гэдэг нэр зүүж байна вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд тавигдаж байгаа юм. Гэсэн ч үүнд хариулт өгөх хүн ховор. Магадгүй эцэг эхийг нь олоод асуувал төр засагтаа л бурууг өгөх байх. Монгол хүн, тэр дундаа монгол эцэг эхчүүдэд хүн чанар, үр хүүхдээ гэх сэтгэл ингэтлээ үгүй болсон хэрэг үү.

.

Хүүхдийг хайрлахгүй, зовоодог хүнийг манай зон олон хөхөө шувуутай зүйрлэдэг. Гэтэл хүйтэн сэтгэлтнээр дуудуулдаг хөхөө хүн чанараа гээсэн хүнээс илүү гэхэд болно. Учир нь Хөхөө шувуу  өндгөө хад жалганд хаядаггүй бусдын үүрэнд орхиж явдаг. Харин манай эцэг эхчүүд байрны орц, үнсний сав зэрэгт нялх үрээ орхиж араатнаас ч дор зан гаргах болж. Үүнээс гадна гэр нь шатаж хүүхэд нь түлэгдэж хэвтэрт орчихоод байхад эмнэлгийнхэнд орхиод, хорооноосоо өгсөн мөнгийг өөрөө аваад алга болсон эцэг эх ч байна. Хүүхэд эцэг эхийгээ бодохоос өөр юуг бодох билээ дээ.

.

Дээр өгүүлсэн бол хүүхдээ орхиод явсан асуудал. Харин зарим нь хүүхдийн хувь заяа, сэтгэл санаанд маш том харанхуйг өгч байна гэхэд болно. Үүний нэг жишээ нь саяхан болсон хэрэг юм. Тавхан настай хүүг эцэг нь хэрцийгээр зодож, улмаар заазуурдсан сэрдхийлгэсэн аймшигт хэрцгий хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Тэрбээр бяцхан хүүгээ тамлан тарчлааж, нуруун тус газар нь хэд хэдэн удаа заазуурдсан гэх мэдээллийг гэр бүлийхэн нь хэвлэлийхэнд  өгч байсан. Түүнчлэн түүний зургаан настай ах, хоёр настай охин дүү нь түүний адил  төрсөн цагаасаа хүчирхийлэлд байсан талаар эх нь цагдаагийн газар мэдүүлэг өгчээ. Үүнээс гадна төрсөн ахынхаа хүүг гурван жил амбаарт хорьж нохойноос дор үзсэн хэрэг мөн л гарлаа. Хүүгийн энэ эмгэнэлтэй хувь тавилан эцгийг өөд болсны дараагаас эхэлжээ. Хэдэн жилийн өмнө хүүгийн аав ээж нь салж, бага охиныг ээжид нь, хүүг аавд нь асран хамгаалуулахаар болсон байна. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүгээ хайраар дутаалгүй өсгөж байсан ч өвчний улмаас хорвоог орхиж, хүүг талийгаач аавынх нь төрсөн дүүд даатган, асран хамгаалах эрхийг нь шилжүүлсэн байна. Асран хамгаалагчийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга тогтоох тухай хуулийн заалт байдаг бөгөөд аавынх нь дүүд даатгасан учир эргэж тойролгүй гурван жил болжээ. Багш мэргэжилтэй дүү нь харин асран хамгаалах эрхээ бас нэгэн дүү эмэгтэйдээ шилжүүлсэн байна. Дүү нь бас дээд мэргэжилтэй нэгэн төдийгүй аймагтаа багш, нийгмийн ажилтнаар ажилладаг, боломжийн амьдралтай хүмүүс гэнэ. Хүүг аавынх нь дүү авснаас хойш ээжтэй нь нэг ч холбоо бариулаагүй гэдэг.

.

Хүн муу байж болно муухай байж хэрхэвч болохгүй. Дээр нь хүн чанараа алдвал мөн чанараа алдана гэсэн ардын сайхан үг байдаг. Ардын багш хүнд ийм зүйлийг санаж сэтгэх бодол өчүүхэнч байхгүй байна гэж үү. Амьдралын сайхныг амсах гэж ирсэн зарим бяцхан үрсийн хувь заяа өнөөдрийн Монголын нийгэмд хэцүүхэн шийдэгдэж байна гэхэд болно. Бид ядуу байж болно. Дээр нь хүний эцэг эх учраас болохгүй зүйлд загнаж ч болно. Гэхдээ үр хүүхдээ зэмлэхдээ харцаараа ч болов өрөвдөж байх хэрэгтэй юмсан даа.

Манай улс хүүхдийн эрх чөлөөгөөр хар дансанд бичигдэх цаг нь аль хэдийн болжээ. Барилга, хурдан морь, авто замын гээд янз бүрийн шалтгаантай олон ослоор хүүхдүүд хорвоог орхиж байна. Дээр нь тэд гэр бүлийн гэх тодотголтой энэ их давалгаалсан хүчирхийлэлд шил шилээ даран өртөж байна. Хүүхдийн төлөө за гэж хэлээд байдаг хүмүүс хаана юу хийгээд яваад байна.

.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр баталсан байдаг. Тус хуулийн зорилтыг хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлсон. Хуулийн 4 дүгээр зүйлд Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчимд хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас,хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах  хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх гэж тусгаж өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр үүнийг эсрэгээр нь биелүүлж байгаа эцэг эх нэлээдгүй байна.

.

Бидний өнөөдрийн ярьж байгаа хамгийн чухал сэдэв бол хүүхдийн амьд явах эрхийн тухай асуудал юм. Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно гэж тусгагдсан. Гэтэл Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх  эрхтэй гэсэн заалт хамгийн ихээр зөрчигдөж байна.  Мөн хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших болон төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй гэж заасан байдаг.

.

Саяхан Хөвсгөлд аймагт гарсан хүүхдийг гурван жил амбаарт хорьсон хэрэг энэхүү зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Өнөөдөр хүмүүс хэрэгтэй,  хэрэгцээгүй хууль барьж өөр хоорондоо хэрүүл хийж байхынхаа оронд хүүхдийн эрхийг хамгаалах тухай есхөн зүйл заалттай энэ хуулийн талаар ярьдаггүй нь харамсалтай. Хүүхдийн эрхийг бид бүхний тэргүүнд тавих ёстой. Харин энэ талаар тэр болгон цухуйлгаад байдаггүй. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн зургадугаар сарын нэгнийг хүүхдийн төлөө үйл хийхээс илүүтэйгээр сайн муу хамаагүй чихэр жимсээр тэднийг хуурч тэмдэглэн өнгөрөөдөг болоод удаж байна. Уул уурхай, газар тариалан эдийн засаг яриад хөгжлийг бий болгож чадахгүй байгаагаас хойш үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлэх тал дээр анхаарвал сайнсан.

.

Хүүхдийн эрүүл өсөж бойжих тэр бүх боломжийг нь хангаж өгч чаддаггүй юм аа гэхэд хүүхдийг муу бүхнээс дорд үзэж байгаа хүмүүст хатуухан ял шийтгэл оноовол  бусдад нь сануулга болохсон. Өнөөдөр бидний нүдэнд ил гарч ирж байгаа нь ганц нэгхэн ч үүний хойно мянган мянган хүүхдийн эрх, эрх чөлөө, амьд явах эрх ч ноцтойгоор зөрчигдсөөр байгаа гэдгийг төр засгийнхан нэг бодож үзээсэй. Хүүхэд насыг тойроод гардаг хүн гэж нэг ч үгүй. Бид хүүхэд байхдаа эцэг эхдээ бурхан шүтээн нь байдаг. Тиймээс бид хүүхэд байхдаа амссан бүхий л хайраа үр хүүхэддээ зориулах нь зүйтэй юм.

Хүүхэд гэдэг нэр нь хүртэл бурхан гэж сонсогдох хүүхэд бүрийг хайрлацгаая. Хүүхэд бурхан. Бид тэднийг хайрлан дээдлэх  ёстой.

.

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Elbegee bolon 76 gishuud l huuhediin erhiin talaar yu hiij bna. tednii tolgoid oyu-tolgoi , alt , erdene , uurhai, hurdan mori l ergeldej yavdag ni haramsaltai
2013-05-19
soyoloo:
huuchinii 70-80 aad onii ued iim yavdal garj baigaagui ym. odooo l iim asuudal garah bolson ni odogiin tur zasagiin uur tsaraig haruulj bna
2013-05-19
zochin:
iim xvn gexed xetsvv umnuudiig xatuu shiitgej baix umsan
2013-05-18
zocnin:
Iim hogiin adguucnuudiin zurgiig n niitelj baigaacn ee,,,haraad zuragluu n nylimah umcan,,hovsoliinhon bvr hajuud n baigaa hvmvvc minii omnooc nylimaad ogoocn naad 2 emegteirvv gyij bn
2013-05-17
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-17