
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан "3 эсрэг 3" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Катарын нийслэл Доха хотод энэ сарын 5-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монгол улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо. БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны 6-р сард болсон Азийн элсний спортын III их наадамд оролцсон баг тамирчид энэ удаагийн ФИБА 3х3 тэмцээнд явсан юм байна. Багийн бүрэлдэхүүнд: Б.Алтанзаяа, Д. Ганзул, Ж.Иштуяа, Б.Солонго багтсан. Багийн дасгалжуулагчаар МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн менежер, дасгалжуулагч Д.Энэбиш ажиллажээ.
Тэмцээнд нийтдээ эмэгтэй 9 баг “А”, “В” гэсэн 2 хэсэгт хуваагдан оролцсон. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “В” хэсэгт Энэтхэг, Леван, Непалын багуудтай таараад байсан. Хэсэгтээ нийт 3 тоглолт хийхдээ Леван болон Непалийн багийг тус бүр 14-6 харьцаатай хожсноор 2 хожил 1 хожигдолтойгоор 1/4 шигшээд шалгарчээ. Энэ шатанд манай эмэгтэй баг Шри-ланктай оноолт тааран нэлээд хүнд тоглолт хийсний эцэст 5 онооны зөрүүтэй буюу 18-13 -ийн харьцаатай хожсноор хагас шигшээд шалгарсан байна. Шилдэг 4 багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд хүчирхэг Туркменитсаны багийг ялснаар Монгол улсын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа ФИБА-гаас зохион байгуулсан 3х3 анхдугаар тэмцээний финалд шалгарсан юм. Аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдснаар мөнгөн медаль хүртжээ. Төрийн далбаагаа Катарын тэнгэрт мандуулж түүхэн амжилт үзүүлсэн эмэгтэй баг тамирчдадаа баяр хүргэе.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ