
Гаалийн ажилнууд энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт 44-20 ДГО улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэргийн илрүүлэн, таслан зогсоосон байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн иргэн Б гэгч 755 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан энэ юм. Тиймээс уг хэргийн холбогдогчийг Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлээд байгаа аж.
Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ