
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хамт олон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хэвлэлийн хурлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урьж оролцуулсан нь сонгуулийн сурталчилгаа байгаагүй хэмээн мэдэгдэв. Мөн хэвлэлээр яриад байгаа шиг тэрбум байтугай нэг ч төгрөгийг нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс авч байгаагүй. Бидний хийж буй нэвтрүүлэг бол мөнгөний төлөө бус цэвэр уран бүтээл гэдгийг ч онцлон дурьдсан юм.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урьж оролцуулсныг зарим хүмүүс сонгуулийн шоу мэтээр харж байна. Энэ нэвтрүүлэгт би хөтлөгч, редактор хийдэг. Гэвч “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээс би мөнгө авч үзээгүй. Үүнтэй адил манай нэвтрүүлэг ганц ч оролцогчоосоо мөнгө аваагүй. Бид хойч үедээ энэ цагт үед амьдарч байсан хүмүүсийн түүх, намтарыг үлдээх үүднээс цэвэр уран бүтээл гэдэг утгаар хандаж хийж байгаа. Тиймдээ ч, бүх нэвтрүүлгээ Үндэсний архивийн хүрээлэнд хүлээлгэн өгч байна. Бид Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өмнө удаа дараа нэвтрүүлэгтээ оролцуулах санал хүргүүлж байсан. Гэвч “завгүй” гэх шалтгаанаар бидний саналыг одоог хүртэл хүлээж аваагүй л байна. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урьж оролцуулсан нь улс төр гэж үзвэл, манай нэвтрүүлгийн хөтлөгч, продессер П.Анужин өөрийн намын эсрэг үйл ажиллагаа хийсэн болж таарна. П.Анужин бол МАН-ын гишүүн хүн. Тэр улс төр биш цэвэр уран бүтээл гэдэг үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ нэвтрүүлэгтээ оролцуулсан” хэмээн ярив.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ