
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль нь эрх зүйн шинэ орчинд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд гадаадад байгаа монгол иргэдийн санал авах, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг анх удаа хэрэгжүүлэх зэрэг олон онцлогтойг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв.Тэрбээр СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах талаар хийж буй ажлынхаа талаар танилцуулаад, сонгуулийн хороод Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, СЕХ-ноос боловсруулж гаргасан дүрэм, журам, заавруудыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх нь энэ сургалт-семинарын гол зорилго хэмээн үзэж байгаагаа хэллээ. СЕХ юуны өмнө сонгуулийн хорооны гишүүд үйл ажиллагаандаа ямар ёс зүйн зарчим баримталж ажиллах ёстой, хууль эрх зүйн ямар баталгаа байгаад сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа. Чухамхүү сонгуулийн хороодод ажиллагсдын хариуцлага, ёс зүйгээс сонгуулийн ажил ихээхэн хамааралтай, ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах нь нэн чухал гэж үзэж сургалт-семинараа энэ сэдвээр эхлүүлэв. Оролцогсдод сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, сонгуулийн баримт бичгийг бүртгэж, цэгцлэхэд юуг анхаарах, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан системийг ашиглахад юуг анхаарах талаар мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өмнөх сонгуулиар зарим тойргийн хороо дүнг ирүүлэхгүй улмаар ажлыг саатуулж байсныг шүүмжлээд сонгуулийн дүнг хороо бүр цаг алдалгүй шуурхай дамжуулах үүрэгтэй гэдгийг онцоллоо.
Сургалт-семинараар Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрыг хэрхэн бэлтгэх, сонгуулийн хороодод төсөв хэрхэн хуваарилж, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, зарцуулалтыг тайлагнах, санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах түүнд өөрчлөлт оруулах, сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэхэд юунд анхаарах, сонгуулийн сурталчилгаа, санал авах, тоолох, дүнг нэгтгэн хүргүүлэх, сонгуулийн ажиглалт, сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага, сонгуультай холбоотой гомдол маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл өгөхийн сацуу оролцогсдын сонирхсон асуултад хариулах хэлбэрээр сургалт-семинарын ажлыг зохион байгуулж байна
гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ