Ерөнхийлөгчид Богдан Борусевич бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсад айлчилж буй БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевич өнөөдөр бараалхав. Ерөнхийлөгч уулзалтын эхэнд “Таныг бидний урилгыг хүлээн авч Монгол оронд айлчлан ирсэнд баяртай байна. Оны эхээр Польш улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар халуун яриа өрнүүлж, хамт өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүд миний сэтгэлд тодхон байна. Таны айлчлал хоёр орны харилцааг урагшлуулахад их үр дүнтэй болно гэдэгт итгэж байна” гэлээ.
Бид нэг зорилго, нэг үнэт зүйлстэй хүмүүс. Польшийн төдийгүй Европын ардчилал, эрх чөлөө тэмцэлд их хувь нэмэр оруулсан хүн, миний найз манай оронд хүрэлцэн ирж, монголчуудын амьдардаг гэрт хүлээн авч байгаадаа би их баяртай байна. Мөн АОХН-ийн хуралд Польшийн Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид ирж оролцсонд талархаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэх, ялангуяа зээлээр дамжуулан польшийн бизнесийг Монголд оруулж ирэхийг ихэд сонирхож байна. Аюулгүй байдлын чиглэлээр цэргийн салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бий гэж Ерөнхийлөгч хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ