Эмнэлгийн барилгын талаар ярилцав

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 03 тоот тогтоолоор байгуулагдсан Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г. Баярсайхан болон дэд ажлын хэсгийн гишүүд болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Ж.Чимгээ, Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Дамдиндорж, тус яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нарын хүмүүс оролцлоо. Тус ажлын хэсэг нь улсын хэмжээнд барьж буй эмнэлгийн 36 барилгаас нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа болон холбогдох техникийн нөхцөл шийдвэрлэгдээгүйн улмаас зогсонги байдалд орсон 29, үүнээс Улаанбаатар хотод баригдаж буй 9 эмнэлгийн барилгын явц байдлыг газар дээр нь үзэж танилцах, холбогдох яам, Үндэсний аудитын газраар үнэлэлт, дүгнэлт гаргуулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар ярьж тохиролцлоо. Ажлын хэсгийн гишүүд ирэх 7 хоногт Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзах, зарим эмнэлгийн барилгын явц байдалтай танилцахаар болов. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ