"Жижиг дунд үйлдвэрийн төв" байгуулна
Баянхонгор аймгийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ оны зургадугаар сарын 11-нд болж гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 11 төслийг танилцуулж дэмжлэг авчээ. Энэ саналаа ХХААХҮЯ болон бусад холбогдох газарт хүргүүлж 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 50-120 хүртэл сая төгрөгийн төсөвтэй үйлдвэр хөгжүүлэх төслүүдэд олгох эрхийг хүлээн авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Жижиг дунд үйлдвэрийн парк байгуулах ажлыг бүрэн шийдвэрлэж, төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг авах боломжийг бүрдүүлснээр хөгжлийг түргэтгэх үр өгөөжтэй уулзалт болж чадсан гэж албаныхан ярьж байна.
Тус чуулганаар Баянхонгор аймагт улсын хөрөнгө оруулалтаар 1,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ПАРК байгуулахыг дэмжжээ. Энэхүү барилгын ажил 2011 ондоо багтан дуусах аж. Тус аймаг баруун бүс болон хангайн бүсийг холбосон хөгжлийн тулгуур төв болох боломж, байршлын давуу талуудыг ашиглаад үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх бодлого зорилт тавигдаж байгаа нь аймаг хөгжүүлэх бодлоготой уялдан томоохон ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ