
Өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадвар эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжихэд чиглэсэн “Эх орон-36” хөтөлбөрийн нээлт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өнгөрөгч амралтын өдөр боллоо.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын санаачилсан энэ хөтөлбөр эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч нээлтийн ажиллагааг түр хойшлуулаад байсан гэнэ. Хөтөлбөрт нийслэлийн ЕБС-иудын ахлах ангийн 250 хүүхэд оролцож байна.
Хүүхдүүдэд хагас цэрэгжсэн байдлаар нийт 36 цагт багтаан олон төрлийн сургалт, хүмүүжлийн ажлыг хичээлийн бус цагаар буюу амралтын өдрүүдэд зааж байгаа аж.
Нээлтийн арга хэмжээнд санаачлагч С.Эрдэнэ, С.Одонтуяа гишүүнээс гадна ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт нарын хүмүүс ирсэн юм.
Ялангуяа С.Ганбаатар гишүүн амралтын өдрөөр эхнэр хүүхдүүдээ дагуулан зориод ирсэн нь олны анхаарлыг ихэд татаж байв. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Бага байхдаа хагас цэрэгжсэн ийм зусланд 14 хоног амрах аз тохиосон. Тэр үеэр буутай харьцах, олс татах, хүнд тариа хийх, хүнийг галаас аврах зэрэгт суралцаж байснаа та нарыг хараад санаж байна. Тэр чадвар маань сүүлд надад их хэрэг болсон. Гэр бүлийнхэн хүнд өвчтэй байхад, өөрөө алс хол сурч байхад хэцүү байдлаас гарах үед хатуужил, тэсвэрт суралцсан маань хэрэг болсон” хэмээн өгүүлж байсан.
УИХ-д ч бас ийм чадварт суралцсан хүмүүс цөөнгүй байдаг гэнэ. Тухайлбал З.Баянсэлэнгэ гишүүн Японд хүний амийг аварсан бол Ч.Улаан гишүүн усанд живж буй хүнийг аварсан гээд олон жишээг хүүхдүүдэд ярьж өгсөн. Тиймээс хүүхдүүдэд аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар, тэсвэр тэвчээрт суралцах нь цаашдын амьдралд нь хэрэг болно хэмээн нээлтэд оролцсон зочид хэлж байв.

Энэхүү хөтөлбөрийг санаачлагч С.Одонтуяа гишүүн “Монголын өсвөр үеийн хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх зорилготой “Эх орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөр нь эзэмшвэл зохих 36 төрлийн мэдлэг, ур чадварыг зааж сургах юм.
Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт өнөөдрийн байдлаар нийслэлийн СХД-ийн 250 эрэгтэй сурагч, БЗД-ийн 250 эмэгтэй сурагч, БГД-ийн 250 нийт 750 хүүхэд хамрагдаад байна. Ирэх наймдугаар сарыг дуустал нийслэлийн зургаан дүүргийн 14-16 насны нийт 3300 хүүхдийг хөтөлбөрт хамруулна.
Эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ ондоо багтаж, орон нутгаас мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж, улмаар улсын хэмжээнд зохион байгуулахыг зорьж байна. Тиймээс УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг энэхүү нээлтийн ажиллагаанд урьж ирүүлсэн. УИХ-аар батлуулах гэж багагүй хичээл зүтгэл гаргасан ч үр дүн ямар байгааг харуулахыг хүссэн. Мөн зөвхөн УИХ гэлтгүй өсвөр үеийнхэний хүмүүжил төлөвшлийн асуудал бүх нийтийн анхааралд байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хүүхэд багачуудын хүмүүжлийн асуудал орхигдсон бид энэ алдаагаа одоо л засах ёстой гэдэг үүднээс энэ хөтөлбөрийг эхлүүлсэн” гэв.



П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ