
Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулах ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр “Залуучууд хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганг зохион байгууллаа.
Тус чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улс байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй залуучууд оролцож, залуучуудын хөгжлийн асуудлаар санал, бодлоо солилцож, тодорхой санал, зөвлөмж гаргалаа.
Манай улсын хүн амын насны бүтцийг дэлхийн бусад орны насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогддог бөгөөд 2012 оны байдлаар нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа аж. Тиймээс Монгол Улс бол залуучуудын орон хэмээн дэлхий нйит дүгнэдэг тул улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох залууст чиглэсэн төрийн оновчтой, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай юм.
Иймд салбарын яамны зүгээс залуучуудын хөгжлийн талаар баримталж буй бодлого, зорилтуудын талаар залуучуудтай ярилцаж, тэдний дуу хоолой, санал бодлыг сонсож, улмаар төрийн бодлогод тусгахаар энэ удаагийн чуулганыг зохион байгуулсан аж.

Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах “Гүнж” төвийн тэргүүн Ч.Ундрал “Өнөөгийн нийгэмд залуу эмэгтэйчүүдийн асуудал нилээн яригдаж байна. Тэдний асуудлыг нийгэмд хурцаар гаргаж тавих шаардлагатай гэж боддог. Ÿагаад гэвэл бэлгийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамтад өртөж хохирогч болж байгаа нь залуу эмэгтэйчүүд байдаг. Эрхээ хамгаалж чадахгүй, хамгаалуулж чадахгүй худалдагдах, гэмт хэргийн хохирогч болж, бэлгийн дарамтад өртөж байна. Эрт гэрлэж байна. Эргээд гэр бүлийн дарамтад ордог гээд яалт ч үгүй энэ бүлэгт хандсан ээлтэй үйлчилгээ, тэдний бодит тэгш эрхийг хангах шаардлагатай байна. Эрт гэрлэж, хүүхэд гаргаж байгаа ч тэдний ажил хөдөлмөр эрхлэх боломж, мэргэжил эзэмших боломжийг нь хангаж өгөх ёстой.
Төр засгийн зүгээс залуучуудад чиглэсэн үйлчилгээ хэрэгтэй. Одоогоор эмнэлгийн үйлчилгээ, цагдаа сэргийлэхийн үйлчилгээ л байна. Хүний хөгжилд хандсан, сэтгэл санааг нь дэмждэг үйлчилгээ үнэхээр дутагдалтай байгаа. Залуус цуглаад сайхан ярилцах, сэтгэлээ уудлаад ярих сэтгэл зүйч, гэр бүлийн асуудал гарлаа гэхэд хаашаа очихуу. Төрийн ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар байна уу гэхээр байхгүй. Хүчирхийлэлд өртлөө гэхэд хаана очих вэ, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээг хаана хийх вэ гэдэг нь чухал асуудал. Тиймээс Залуучуудын хөгжлийн төв нь нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгаасай.
Эмэгтэйчүүд гэлтгүй, эрэгтэйчүүдйин асуудал ч маш чухал. Архи ууж, элдэв буруу үй лд өртөж, гэмт хэрэгт холбогдож байна. Энэ бүхнээс харахад залууст зориулсан үйлчилгээ бодлого, төв байхгүй болсоны илрэл. Тийм болохоор залуус хөгжлийн төв нь хэдэн компьютер ном тависан газар биш, илүү хүнд чиглэсэн мэргэжлийн сэтгэл зүйчтэй, төр дангаараа хувь хүнд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй бол энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудтай хамтарч ажилладаг байгаасай гэж хэлмээр байна”.

Эрчим хүчний яамны төрийн захиргаан удирдлагын газрын мэргэжилтэн н.Хүслэн “Өнөөдөр залуучуудын чуулга уулзалтад оролцож байна. Залуучуудад хэрэгтэй гол зүйл нь гэр бүл, хосууд, гэр бүлээрээ сайхан явж болдог сайхан цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байна.
Залуу гэр бүлийг орон сууцаар хангах бодлого нэн тэргүүнд байх хэрэгтэй. 70 мянга дэмий санагддаг. Оюутан залуусыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Мөн хэт эрт гэрлэж, салалт их байгааагаас үр хүүхдээ өнчрүүлж байна. Зөв төлөвлөлт хэрэгтэй”.

Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Н.Эрдэнэбаяр “Батлан хамгаалах яамыг төлөөлөн оролцож байна. Олон санал санаачлагыг сонсож, батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа залуус, цэргийн албан хаагчдад хүргэх ажлыг хийнэ.
Батлан хамгаалахын салбараас залуучуудад чиглэдэг гол бодлого нь эх оронч үзлийг төлөвшүүлж, эх орноороо бахархах, эр зориг хатуужилтай болгоход чиглэсэн ажлыг их хийдэг. Энэ хүрээнд цэргийн албанд татагдаж байгаа залууст эх оронч үзэл, төлөвшилийг бий болгохын төлөө цаашид ч хичээх болно.

Сүхбаатар аймгийн Б.Батбаатар “Сүхбаатар аймгаас есөн залуу оролцож байна.Манай аймагт бүтээн байгуулалтын ажил харьцангуй их хийгдэж байна. Залуучуудад хамгийн чухал зүйл бол орон сууцны асуудал. Манай аймгийн хувьд бүтээн байгуулалтаа дагаад залууст зориулагдсан орон сууцны сонголттой хэд хэдэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Мөн ажлын байрны хүртээмж ч харьцангуй сайн гэж болно”.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын хэмжээнд залуучуудын өмнө тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлт, орон сууцны асуудал, эрүүл мэнд, боловсрол, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн Залуусын хөгжлийн цогц төвийг аймаг, хот, дүүргүүдэд шат дараатай бий болгох, залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн орчинг бий болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг дээшлүүлэх зэрэг олон асуудлуудаар харилцан санал бодлоо солилцлоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ