Батаарыг хилээр гаргасан сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Нэмэгтийн хөндийгөөс олдсон Батаарыг Монгол болон АНУ-ын хамтарсан ажлын хэсэг бүтэн жилийн турш ажиллаж байж саяхан эх орондоо авчраад байна.
Үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос АНУ-д аваачиж, дуудлагаар худалдаалах гэж байсан Эрик Прокопи, Крис Мур нарыг Америкийн шүүх гэм буруутайг нь тогтоосон.
Харин ЦЕГ-аас Монголын талаас тусалсан этгээдүүдийг хайхаар Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлжээ. Тэгвэл саяхан Монголын талаас үлэг гүрвэлүүдийн ясыг хууль бусаар хил давуулахад тусалсан гэмт хэрэгтнүүдийг УМБГ, Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж тогтоожээ. Тодруулбал "Чингисийн говь" ТББ-ын захирал н.Түвшинжаргал, түүний эхнэр н.Болортуяа, МУИС-ийн ректор асан н.Болдсүх нарын хүмүүс оролцсон болохыг тогтоосон гэнэ. Гэвч өдгөө н.Түвшинжаргалын эхнэр н.Болортуяагаас бусад нь өөд болжээ. Мөн хувиараа яс олборлогч н.Өлзийсамба түүнтэй хамтран оролцсон А.Өлзийбат, н.Даваадорж, М.Отгонтөгс, Э.Ганхуяг, Х.Эрдэнээ, н.Идэрхүлэг нарын бүлэг хүмүүсийг шалгаж байгаа аж.
Мөн тухайн үед хил гааль дээр хяналт тавьж ажиллах ёстой байсан БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ