Шинэчлэлийн тохироо-1

img

Хууль эрх зүйн шинэчлэлтийг төгс хийж хэрэгжүүлэхэд гурван дэмжлэг хэрэгтэйг “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган дээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин онцолжээ.  Нэгд, хуульчид энэхүү шинэчлэлийг хийхээр санаа нэгдэх. Хоёрт, улстөрчид шинэчлэл хийх эрмэлзэлтэй байх. Гуравт, олон нийт дэмжиж байх.

.

Эрхүүгээс-Эрх чөлөөний хөшөө хүртэл замд хууль шүүхийн тогтолцоо ямархуу байв

Ардын хувьсгал ялсны дараа оросууд манайд Эрүүгийн хуулиа бараг тэр чигээр нь хуулж авахыг зөвлөж энэ туслалцаагаа ч хурдан ажил болгожээ. Үүнээс хойш 1940 болон 1963 1996, 2002 онуудад энэхүү Зөвлөлт оросоос авсан эрүүгийн хуулинд зарим өөрчлөлтийг хийж засч залруулан өөриймшүүлсээр өнөөдөртэй золгож.

.

Ардчилсан хувьсгалаар хаалттай нийгэм задрахад бид мэдээллийн чөлөөлт урсгалд орж олон шинэ зүйлийг гайхан хүлээж авсан төдийгүй Оросын Эрхүүгээс АНУ-ын эрх чөлөөний хөшөөний өмнө зогсох хүртлээ дэлхийгээр нэг явж хөгжлийн жишгийг харж юм үзэж нүд тайлсан. Эх орондоо үлдсэн хэд нь кино ТВ-ээр нүд тайлж барууны хөгжил соёлыг өөрийнхтэйгээ жиших болсон. Хүнийг зүгээр л сэжиглээд шоронд хийчихдэггүй нотлох баримтыг баталж, үгүйсгэж мэтгэлцэж байж үнэнийг тогтоодог шүүх хуралтай киног ч их үзсэн. Тэр кинонд нь олон ч хайртай баатрууд нь хилс хэрэгт гүтгэгдэн балрахын даваан дээр өнөөх шударга шүүхээр орж үнэн мөнөө тогтоолгон гарч ирж, хэргийн эзэн нөхдүүд эрх дархтан ч байсан хуулийн дагуу шийтгэгдэн үнэн ялж байгааг бахархан харж суусан нь олон. Энэ бол өнөөх ардчилсан Америкт л болдог “гоё” шударга ёс юм байна, манайд ийм шүүх хурал болж хэргийг ингэж мөрдөн тогтоож, “соёлтой” байцааж, гэрийн хорионд баривчлан саатуулах зэргээр эрхийг нь сануулж хэргийг шийдвэрлэдэг бол сайхнаа гэж санааширч суудаг. Одоо ч ингэж харьцуулсан хэвээр л байгаа. Энэ бол хүмүүсийн манай өнөөдрийн хууль шүүхийн хүрээнээс хайгаад нэхээд байгаа өнөөх хуулийн шударга ёсны тухай энгийн төсөөлөл нь юм.

.

Манайд яагаад ийм дүр зураг байдаггүй юм бэ, хэзээ ийм болох вэ гэсэн асуулт хүлээлт цаана нь үлдсэн. Бид хүн төрөлхтний өгсөж ирсэн хүнлэг ардчилсан нийгмээс огт өөр замаар явж 70 жил нэг намын ноёрхол тогтсон хаалттай байдалд, төр нь хүний төлөө биш, хүн нь нэг л системийг хамгаалж төрийнхөө төлөө зүтгэнэ гэх үзэл сурталжсан соц орны нэг байсан. Энэ онцлогоо дагаад нийгмийн хэв журам,социолист өмчийн эс ширхэг бүрийг хамгаалах концепц дор хийгдсэн эрүүгийн хууль, эрх зүйн орчинтой, маш цэрэгжсэн “школтой” цагдаагийн байгууллагатай улс байлаа.

.

Яагаад шинэчлэх ёстой гэж 

Хориод жилийн өмнө бид ардчиллыг сонгож Үндсэн хуулиа баталж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Ингэхдээ өнөөх социолизмийн үеийн төрийн төмөр нүүрийг харуулсан  хууль, эрх зүйн систем түүнийг дагасан шүүхийн тогтолцоогоо өнөөх цэрэгжсэн цагдаагийн  уламжлалт “школ”-той нь халааслаад ардчилсан нийгэм рүү алхаад орчихсон. Жишээ нь 1963 онд шинэчлэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуультайгаа 1996 он хүртэл явж ирж. Мэдээж дээрхи хугацаанд шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн хуулиа өөрчлөн бичиж шинэчилж байсан. Гэхдээ энэ нь бүхэлдээ хийх ёстой шинэчлэл хүлээгдсэн хуулийн салбарын хувьд чамлалттай оролдлого төдий л ажил байлаа. Нөгөө талаас энэ шинэчлэл нь тухайн хуулийн зарим нэг заалт давхардлыг багасгасан, зарим нэг зүйлийг нэмсэн  нөхсөн шинжтэй хадмал байдлаар хийгдэж байсан нь одоогийн бүхлээр нь шинэчлэх цаг үеийн шаардлагын хэмжээнд харвал дэндүү хол байсан байна. Тэгээд ч ардчилсан нийгэмд шилжээд байсан Монгол маань 1992 онд 7,265 хоригдолтой (энэ нь 100,000  хүнд 269 хоригдол ногдох харьцаатай байж). Монголд гэмт хэргийн гаралт ихсээд эрүүгийн  нөхцөл байдал хүнд болчихсон доо ч биш өнөөх шинэчилж чадаагүй хатуудсан хууль хэрэглээд яваад байгаагийн хор холбогдлыг харуулсан нэг дохио байж.

.

Нэг залуу олон нийтийн газар агсан тавиад хэтрүүлчихжээ. Эрүүгийн хуулийн ... заасан танхайн гэмт хэрэг мөн тул ..Улсын нэрийн өмнөөс ... 3 жил хорьсугай, ..Ээж нь: Торгоод баривчлаад арай хөнгөнөөр шийдэх арга байна уу. Энэ маань анх удаа архи уусан дөнгөж 18 настай хүү шүү дээ....  Үгүй ээ, уучлаарай хуулиндаа ийм санкцтай юм... Залуу хүн суугаа л гараад ирнэ дээ гэх. Ингээд тэр залуу магадгүй 7,266 дахь хоригдол болж нийгмээс тусгаарлагдана. Дурдсан 7,265 хоригдол дотор үнэхээр засрашгүй гэмт хэрэгтэн мэдээж олонх нь байсан байх. Бас амьдралын нэг алдаа анхаарал болгоомжгүй хэргийнхээ төлөө маш тодорхой заасан байгаа хуулийн заалтын дагуу арга буюу 3-5 жилээр таслагдаж хүний бус орчинд мэргэшсэн гэж болох хүнд гэмт хэрэгтнүүдтэй нэг дор сууж байгаа нь ч байсан байх. Хэд нь архаг гэмт хэрэгтэн болж дахин давтан гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгээр эргэж нарсанд орсныг хэлэхэд хэцүү. Одоо ч энэ байдал бараг хэвээр гэх бөгөөд үүнийг хэвийн үзэгдэл гэж үзэх хуучинсаг хэсэг байсаар байна. 2012 оны байдлаар 8000 шахам хоригдол хорих ял эдэлж байгаа дүн мэдээ гарчээ. 20-н жилийн тэртээгээс бид цаг үеийн олон шалгуурыг давж ардчилсан иргэний нийгмийн хэв шинжийг бүрдүүлж XXI зуунд иргэншсэн оюунлаг нийгэм рүү ирсэн байх атал нэн хатуу бараг л заалт зүйлчлэл бүрт 1-25 жил хорих заалттай Эрүүгийн маш хатуу хууль үйлчилсэн улс хэвээрээ л байна. Энэ хуучирсан хуулиндаа огт гар хүрээгүй юу гэвэл хилсдүүлсэн болох юм байна.

.

2002 онд эхний шинэчлэлийг хийсэн бөгөөд үүгээр анх удаа захиргааны хэргийн шүүхтэй болж эрүүгийн хуулиас 70-д зүйл ангийг эрүүгийн биш болгож зөөлчилсөн гэнэ. Гэвч хуулийг тэр хол байгаа хоцрогдолоос сугалж гаргаж ирээд бүхэлд нь шинэчлэх гэсэн тухайн үеийн МУИС-ийн хуулийн тэнхимийн багш Х.Тэмүүжин зэрэг шинэчлэлийн “эмоцтой” залуусийн хувьд энэ нь дэндүү чамлалттай байж. Хүний эрхийг хуулиар хамгаалж чадсан, хөгжилд хүрсэн орнуудад ямар  хэргийг хэрэг гэх, ямар хэргийг зөрчил гэж ойлгох зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай ойлголт огт өөрөөр явж байгаа бөгөөд  гэм буруутайг тогтоох, нотлох, шүүн таслах зэрэг нь бүгд тус тусдаа мэргэшсэн баг төрөлжсөн шүүхээрээ явж тухайн хэргийн нөхцөл онцлогт тохирсон хорих болон хорихоос өөр иргэнээ хүмүүжүүлж авах, аль болох гэмт хэргийн хүрээлэл рүү оруулахгүй гэм зэмийг ухааруулж авах уян хатан ялын бодлоготой болсон байна. Харин манайд бол зөрчил гаргасан ч эрүүгийн хуульд байгаа заалт зүйлчлэлд хамаарагдахаар бол гэмт хэрэгт тооцогдон ял аваад хоригдол болчих эрсдэлтэй. Өнөөгийн шүүхээс өгч байгаа нийт ялын 77,5 хувийг хорих ял эзэлж байна гэнэ.

.

Аливаа шийтгэл хариуцлагын хэмжээ нь тухайн хэрэгт татагдсан хувь хүний онцлог, хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэрэгт таарсан мөн аливаа ялгаваралгүй байхыг шударга ёс гэж шинэчлэлийн хэд хэлж байна. Дээрх цөөхөн жишээ баримтууд нь хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй болсныг харуулж байгаа нөхцөл шалтгааны маш бага хэсэг нь юм. Цаана нь гүйцэтгэх чиг үүрэг нь давхцан холилдсон, дэд бүтэц нь унасан гээд олон зүйлийг бичиж болохоор юм билээ. Товчхондоо, аливаа хууль нь төрийн хүсэл илэрхийлэл байж үйлчлэхээс гадна иргэний эрхийг хамгаалсан шударга ёсыг хангасан  байх ёстой юм байна гэж зөвшөөрвөл Тэмүүжин сайдын 12 жилд 42 хуулийг өөрчилж шинээр найруулан хийж дуусгахаар төлөвлөж эхлүүлсэн хуулийн шинэчлэлийг дэмжих сэтгэл төрснөө хуваалцлаа.

.

23 жилийн өмнө ардчиллыг сонгож Эрхүүгээс-Эрх чөлөөний хөшөө хүртэл явж юм үзэж нүд тайлсан нэг үеийнхэн бид. Энэ хугацаанд, нийгмийн болон оюун санааны хөгжлөө зохих улсын жишигт хүргэж хуучин цаг үеийнхээ тогтоцоос олон зүйлийг халж, хүний эрх, эрх чөлөөний мөн чанарыг төлөвшүүлж ирсэн. Тэгсэн хэрнээ 1922 оноос Эрхүүгээс уламжилж ирсэн социолист эрүүгийн хуулиа засаж нөхөж хэрэглэсээр нэгэн зууныг элээж нэмээд бүр XXI зууны эхний 10 жилийг үдчихжээ. Зөвхөн энэ он цагийн хэмжээс өнөөгийн хуулийг шинэчлэх иргэний эрх шударга ёсыг хангах болсон нэг үндэслэл биш гэж үү.

Энэ шинэчлэл эрх зүйн орчны өөрчлөлт, боловсон хүчний өөрчлөлт, дэд бүтцийн өөрчлөлт гээд шатлаад явах юм билээ. Чухам юуг яаж шинэчлэх гээд байгаа талаар үргэлжүүлэх болно.

.

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ