V цахилгаан станц барихад хугацаа алдаж болохгүйг анхаарууллаа

img

  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 5 дугаар цахилгаан станц барих газрын сонголтын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Эрчим хүчний яамнаас хийсэн мэдээллийг сонслоо. Өмнө нь 5 дугаар цахилгаан станц барих газрын байршлын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар долоон удаа оруулж байсан ч тодорхой шийдэлд хүрч байгаагүй юм. Харин энэ удаад газрын байршлыг Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор тогтоож, үүний дараа энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захирамж гаргажээ. Ингэснээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож байгаа юм. Хуралдаанд БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга мэдээлэл хийсэн. Дэд сайдын мэдээллээр, Эрчим хүчний яамнаас тавдугаар сарын 09-ны өдөр тавдугаар ДЦС-ын төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр албан хүсэлт ирүүлсэн боловч станц барих шинэ байршлын солбицлоос өөр мэдээлэлгүй байгаа тул үнэлгээний асуудал хүлээгдэж байна. Тавдугаар ДЦС-д хэрэглэх усны нөөц эх үүсвэр, түүний хүрэлцээ тодорхойгүй байгаа. Улаанбаатар хот орчмын усны батлагдсан нөөц 273600 шоо метр хоног юм. Иймээс шинээр барих цахилгаан станцад хэрэглэх усны эх үүсвэрийн шийдэлийн асуудал техник эдийн засгийн үзүүлэлтээр тодорхой болно гэв. Мөн Хөлийн голын гольдролыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд энэ тохиолдолд зураг төсөл, батлагдсан техник эдийн засгийн үзүүлэлт мөн шаардагдах ба байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийгдэх ёстойг хэллээ. Холбогдох яамдын мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “Монгол Улсын өнөөдрийн эрчимтэй хөгжилд цахилгааны хомсдол яах аргагүй хүндрэл үүсгэж байна. Иймд цахилгаан, дулааны асуудлыг шийдвэрлэхдээ зөв шийдэлд хүрэх ёстой. Миний хувьд тавдугаар цахилгаан станцын байршлыг буруу газарт шийдсэн гэж ойлгож байгаа. Юуны өмнө усны нөөцийн асуудал маш хүндээр тусна. Хөлийн гол ширгэх асуудал энүүхэнд байна. Багануурын нүүрсийг ашиглана гэж байгаа. Цацраг идэвхт бодис тодорхой хэмжээгээр ялгарна. Салхины зүг чигээр байнгын нүүрс, үнсний тоос улаанбаатарчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гээд энэ бүгдийг тооцож үзсэн нарийн судалгаа хэрэгтэй. Ямар ч үнэ цэнээр хамаагүй дулааны цахилгаан станцтай болно гэж үзвэл буруу. Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. БОНХЯ нарийвчилсан үнэлгээ хийхдээ жинхэнэ мэргэжлийн бодитой байр суурьнаас хандаасай гэж бодож байна. Уг нь өөр газар барих боломжтой олон бий “ гэлээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, цахилгаан станцыг барихад өнөөдөр яг ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэдгийг тодорхойлох ёстой. Аль нэг компани шалгарлаа гэхэд техник, тоног төхөөрөмж хил гаалиар оруулж ирэх асуудалд ихээхэн хүндрэл гарна гэлээ. Түүнчлэн тэрбээр ажиллах хүчний харьцаа ямар байхад анхаарах хэрэгтэйг хэлж, техник эдийн засгийн үзүүлэлт боловсрогдоогүй байхад үнийн санал гаргаж байгаад шүүмжлэлтэй хандсан бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар, байгаль, экологийн асуудлыг маш нарийн авч үзэх ёстой. Ялангуяа усны асуудал маш эмзэг сэдэв. Хэдэн жилийн дараа барьсан станцаасаа илүүтэй экологийн хохиролд хүрэх вий гэдгийг анхаарууллаа. Гишүүдийн зүгээс Улаанбаатар хотод цахилгаан станц зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Хоцрогдсон утаа үйлдвэрлэгч барьж болохгүй. Иймд тавдугаар цахилгаан станц барих асуудлыг хугацаа алдалгүй хийж хэрэгжүүлэх, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй орчин үеийн дэвшилтэт техник, технологитой компанийг сонгоход анхаарч ажиллахыг чухалчиллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaa:
hudlaa zaaj zaaavralsan amaa hudlugsun yumnuud uursduu garaad hurj bariad hihgui bol bitii saad bolood hudlaa tsetserheed bai
2013-05-22