
Монголын Ахмадын чөлөөт холбоо Монголын ахмадын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан мэдэгдэл хийлээ. Ахмад настны нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлуудыг төр засгийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхэд холбоод цаашид хамтран ажиллах юм.
Ахмад настнуудын халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, орон сууц, эрүүл мэнд, амралт сувилал,нийгмийн хамгааллыг сайжруулах, мэдлэг туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх, цаашлаад ахмадад хандах нийгмийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд хүчээ төвлөрүүлнэ гэж Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан хэлсэн бол хамтын хүчээр илүү өргөн цар хүрээтэй ажиллаж, олон жилийн турш яригдсаар ирсэн хэд хэдэн асуудлаар бодитой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна гэж 80 жилийн түүхтэй Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар дурьдсан юм.
Монголчууд 45 насыг ид, 55 насыг идэрмэг, 65 насыг ахимаг, 75 насыг ахмад нас гэж тооцдог уламжлалтай атал орчин үед 40 наснаас нь ахмадын эгнээнд шилжүүлж буй буруу хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж тэд үзэж байна. Идэрмэг насанд нь тэтгэвэрт гаргаж, нийгмийн идэвхтэй амьдралаас шахдаг нь олон сөрөг үр дагавар үүсгэдэг. Ажилласан жилээр тооцон тогтоодог учраас тэтгэврийн хэмжээ бага, тэтгэвэр авагчдын 70 гаруй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 мянган төгрөг авна. Түүнчлэн албан газрууд нь татан буугдсан 60 нас хүрээгүй эрчүүд алба ч үгүй, орлого ч үгүй яваа нь ахмадуудын амьжиргааны түвшинг доройтуулах шалтгаан болж байна гэлээ.Ахмадуудын нийгмийн асуудлуудыг шийдэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог Шинэчлэлийн Засгийн газар дэмжиж байгаа юм. Ахмадуудын эрх ашгийг төлөөлж буй дээрх холбоодод тодорхой төсөв санхүүжилт олгож, хэд хэдэн чиглэлээр үүрэг хариуцлага хүлээлгэн ажиллаж эхэлсэн. Түүнчлэн, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, шийдвэр гаргах түвшинд оролцож байна
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ