
Гэр хорооллын иргэд “Миний хаяг Улаанбаатар” хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нд буюу цэвэр агаар бэлэглэх сар бүрийн сүүлчийн өдөрт зориулсан уулзалтын үеэр үүсгэн байгуулахаар санал нэгдсэн байна.
Утаа, бохирдол багатай бүтээгдэхүүн хэрэглэгч иргэд, “Цэвэр агаар” төслийн борлуулалт, сурталчилгааны сайн дурынхан хөдөлгөөний гишүүнээр бүртгүүлжээ.
Зуу гаруй иргэний үүсгэн санаачилсан энэ хөдөлгөөн агаарын бохирдлын эсрэг тэмцэлд айл өрх, хүн бүрийг өөрсдөөсөө хамаарах бодитой зүйл хийж, бүгдээрээ оролцохыг уриалах зорилготой юм.
Баянгол дүүргийн иргэн Ж.Нэргүй: ”Та бидний зовлон бэрхшээл болсон агаарын бохирдлын эсрэг буцалтгүй тусламж үзүүлж буй Америкийн ард түмэнд баярлалаа гэж хэлье. Баярлалаа гэж хэлээд зогсохгүй, үнийг нь 85 хувь хямдруулсан, хэмнэлттэй зуух, бүрээс, гонх хэрэглэж, айл өрх бүр утааны эсрэг ажилд хувь нэмрээ оруулж байж, сая бохир агаар багасна. Утаа зөвхөн төсөл, хөтөлбөр, төр засагт хамаатай гамшиг биш шүү дээ. Бүгдээрээ л хордож байна. Зүгээр хараад суух биш хэмнэлттэй бүтээгдэхүүн авч ашиглавал наанадаж түлээ, нүүрсээ гамнана. Цаанадаж агаарын бохирдлын эсрэг нийтийн үйлсэд оролцоно. Манайх өдөрт гурван хувин нүүрс түлдэг байсан. Одоо “Хас” зуухтай, хувин нүүрсээр хоёр хонож байна. Хоногтоо түлээгүй хэмнэсэн хоёр хувин нүүрс манай өрхийн хувь нэмэр шүү дээ” хэмээн хэмнэлттэй бүтээгдэхүүнийхээ талаар өөрийнхөө санал бодлыг хуваалцсан юм.
Харин
Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны иргэн н.Нарангэрэл: “Амьдралын идэвхгүй, нийгмийн хариуцлагагүй, ашиглалтын зааврыг нь дагаж мөрдөж, зөв хэрэглээгүй ганц, хоёр айлын асуудлыг зарим хэвлэл дэвэргэж байгаа нь буруу. Хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг. Зөв ашиглаж хэрэглэвэл, үнэхээр дулаахан, нүүрсийг хоёр дахин хэмнэж байгаа эд. Нэг удаа галлаж үзээгүй, гараар барьж, нүдээр хараагүй зүйлээ өрөөсгөл буруу мэдээлснээр хэн хожих вэ? Хэн ч хожихгүй, бүгд хохирно. Утаагүй зуух хэрэглэж байгаа гучин мянган айлын нэгд нь очиж үзээд, ярьж асуусан бол бодит үнэнийг нь хүмүүс хэлээд өгнө. Цогшиж байхад нь нэмж нүүрс хийж болохгүй, нэг галласнаа заавал дуусгасны дараа ахиж түлнэ. Дээрээс нь доошоо галлана гэх зэрэг үндсэн хэдэн заавар, заалтыг нь баримталбал аюулгүй шүү дээ. Аль болох олон айл өрх хэрэглээгээ өөрчилж, гар бие оролцож байж л нийтийн асуудлыг давж гарна гэдгийг хаа хаанаа бодмоор байна” хэмээн хэмнэлтийн талаар болон аюулгүй байдлын талаарх бодит үнэнийг өгүүлсэн.
Мөн
Чингэлтэй дүүргийн 18 хорооны иргэн Г.Сосорбурам “Манайх “Өлзий” зуух авсан. Сард гурван шуудай нүүрс л түлж байна. Ярих юм байхгүй, хэмнэлттэй. Дулаан үүсгэдэг зуухаас гадна дулаанаа алдахгүй байх талд айл өрх анхаарах хэрэгтэй. “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ хүйт орно” гэсэн ардын мэргэн үг бий. Урьд айлууд цементийн бор цаасыг гурилын шуудайгаар бүрээд дулаанаа барьж болдог л байсан. Гэрийн сайжруулсан дулаалга зуухнаасаа дутахгүй чухал. Гол нь өөрсдийн санал санаачилга онцгой чухал юм” хэмээсэн.
Харин хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа иргэдийн зүгээс түлшний хэмнэлт гаргасан, дулаанаа удаан барьдаг гэхчилэн сайшааж байсан юм. Тэдний ярианаас эш татвал “Манайх гэрийн сайжруулсан бүрээс, гонх, “Өлзий” зуух бүгдийг нь авсан. Зуух хэмнэлттэй, дулаан сайтай. Орой 18 цагт түлчихэд өглөөний зургаа хүртэл дулаанаа барина. Хоол хийхэд тогоо багтахгүй жижиг амсартай гэж байгаа. Дээд талын сараалжин ширмэн тагийг нь авчихад ямар ч тогоо тавьж болдог юм билээ” хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэд сар бүрийн сүүлчийн өдрийг “Цэвэр агаар бэлэглэх өдөр” болгон тэмдэглэх санал гаргаж, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ, нийслэлийнхээ эрүүл мэнд, нэр төрийн төлөө хүн бүр оролцохыг уриалж байсан нь “Миний хаяг Улаанбаатар” хөдөлгөөнийг үүсгэх анхны алхам болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ