Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг зөвлөлөө

img

Жил бүрийн V болон X саруудад орон даяар дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг “Дархлаажуулалтын үр дүн- Улаанбурхан өвчингүй Монгол”  уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.   Улаанбурхан өвчин нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм. Амьсгалын замаар халдварлаж, нүд, мэдрэл, тунгалагын эдийг сонгомлоор гэмтээдэг энэхүү өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүүдэд халдвартай. Өвчин хүндэрсэн үед тууралтын 10 хүртэл хоног халдвартай гэж үздэг. Ханиах, найтаах, ярих үед шүлсээр гадаад орчинд цацагдаж тархана. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилдөг аж.   Дундад зууны үед улаанбурхан өвчнийг хүүхдийн хамгийн аюултай өвчин гэж тооцож байсан ба Орос оронд энэ өвчний улмаас дөрвөн хүүхэд тутмын нэг нь нас барж байсан түүх ч байдаг. 50 жилийн өмнө АНУ-д улаанбурханы эсрэг анхны вакцины зөвшөөрөл олгогдож байсан гэнэ. ДЭМБ-ын тооцоолсноор 2000 оноос хойш 10 сая нас баралтыг урьдчилан сэргийлж чадсан ч дэлхий дахинд өдөр бүр 430 хүүхэд улаанбурханаас үүдэлтэй өвчлөл, хүндрэлээр нас барж байдаг аж. Сүүлийн гурван жил улаанбурханы өвчлөлийг таслан зогсоосон Европ, Газар дундын тэнгисийн орнуудад энэ өвчин дахин сэргэж, тив дамнасан тахал дэгдэлт бүртгэгдсээр байна.   Манай улсын хувьд 1993 оноос хойш  “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг жил бүрийн 5, 10-р саруудад зохион байгуулж ирсэн. 2010 оноос хойш улаанбурханы өвчлөлгүй орны тоонд орох болсон ч өвдөх эрсдэл бүхий 3-14 насны хүүхдийг улаанбурхан, улаануудын хавсарсан вакцинаар дархлаажуулснаар улаануудын тахал дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа юм. Иргэд дархлаажуулалтанд төдийлөн хамрагддаггүй, улмаар үр хүүхдээ хамруулахгүй хойш суудаг тохиолдол цөөнгүй байдаг аж.  Гэхдээ 2007, 2012 онуудад дархлаажуулалтын хамралт өндөр, дэгдэлт гарахаас өмнө нотолгоонд суурилсан нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулжээ. Тиймээс дархлаажуулалтын 10 хоногт амжиж хамрагдсанаар хүүхэд тань өөрийгөө, анги хамт олноо болон гэр бүлээ халдварт улаан бурхан өвчнөөр урьдчилан сэргийлэх юм. Иймд дархлаажуулах насны хүүхдүүдийг  дархлаажуулах товлолын дагуу эцэг, эхчүүд хүүхдүүдээ харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийлгээрэй хэмээн эмч, мэргэжилтнүүд  зөвлөж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
zoozz
2013-05-23
haha:
zooz
2013-05-23