“Ногоон гэрэл- цагаан шугам” тэмцээн боллоо
Завхан аймгийн Цагдаагийн газраас санаачлан тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран Завхан аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан аймгийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг өчигдөр зохион явууллаа.
Биеийн тамир спортын газарт болсон тус тэмцээний нээлтийн үеэр аймгийн Хөгжим бүжгийн коллежийн авъяаслаг сурагчид болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн хүүхдүүд урлагийн тоглолтоо үзэгч, оролцогч нарт сонирхуулсан юм.
Тэмцээнд Завхан аймгийн төв, хойд, урд, баруун зүүн гэсэн таван бүсээс шалгарсан Улиастай сумын Бүрэн дунд III сургуулийн “Хаан зам- хатан тэмдэг” баг, Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн “Гэрлэн дохио” баг, Цагаанхайрхан сумын бүрэн бус дунд сургуулийн “Цоглог” баг, Ургамал сумын бүрэн бус дунд сургуулийн “Соёмбо” баг, Тэлмэн сумын бүрэн бус дунд сургуулийн “Зорчигч” багууд тус тус оролцсон байна. Тус тэмцээний тэргүүн байранд Улиастай сумын Бүрэн дунд III сургуулийн “Хаан зам-хатан тэмдэг” баг 64 оноогоор тэргүүлж, шилжин явах аваргын алтан цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, Дэд байранд Ургамал сумын бүрэн бус дунд сургуулийн “Соёмбо” баг 55,8 оноогоор удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ. Гуравдугаар байранд Цагаанхайрхан сумын бүрэн бус дунд сургуулийн “Цоглог” баг 54,8 оноогоор шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, Тусгай байранд Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн “Гэрлэн дохио” баг, Тэлмэн сумын бүрэн бус дунд сургуулийн “Зорчигч” багууд тус тус шалгарч, дурсгалын зүйлээр шагнуулжээ. П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ