Ховор ан амьтан худалдаж авсан БНХАУ-ын иргэнд торгууль оногдуулжээ
БНХАУ-ын иргэн Сүн Линсенд холбогдох хэргийг өчигдөр Ховд аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оноожээ. Тэрбээр 2007 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас ховор ан, амьтан болох баавгайн арьс хоёрыг, Алтайн хойлог шонхор 14 ширхэг болон чонын гавлын яс зэргийг хууль бусаар худалдан авч Ховд аймгийн Жаргалант суманд хадгалж байжээ. Улмаар түүнийгээ Хятад руу гаргахаар 2010 оны сүүлээр тээвэрлэж яваад цагдаагийнханд баригдсан байна.
Шалгалтын явцад тэрбээр ховор ан, амьтны нөхөн төлбөр болох 10 сая 220 мянган төгрөгийг Төрийн санд тушаасан аж. Харин одоо шүүхээс оноосон торгуулийг төлөх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ