Шинэчлэлийн тохироо-2
Юуг шинэчлэх вэ
Хуулийн шинэчлэл яагаад хийх болсон гэж үзэж байгаа талаархи бодлоо Эрхүүгээс-Эрх чөлөөний хөшөө хүртэлх замналаар бид ямар хууль тогтолцоотой явж ирсэн талаар товч өгүүлсэн. Үргэлжлэл болгож юуг яаж шинэчлэх гэж байгаа вэ гэдэг дээр ойлголтоо хуваалцья.
Өргөн утгаараа шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тогтолцоог өөрчилнө гэдэг айлаар бол шинэ байранд нүүж ороод амьдрах бүх тавилгаа солиод сайхан болчихно гэдэтэй адилгүй. Тогтолцоог өөрчлөхийн тулд түүнийг бий болгож байгаа зохицуулалтуудыг, хуулиудыг өөрчилнө. Хууль эрх зүйн орчны өөрчлөлт, боловсон хүчний өөрчлөлт, дэд бүтцийн өөрчлөлтүүд хийгдэж байж шинэчлэл болж чадаж байгаа нь харагдах юм байна.
.
Юун түрүүн Хуульчид гэдэг ерөнхий нэр томьёог задалж гүйцэтгэж байгаа чиг үүргээр нь тодорхой болгож өгөх. Хуульчид ба хууль саиулагчид гэдгийг ялгаж харах. Хуульчид гэж маш товчоор тусгай зөвшөөрөлтэй хүмүүс буюу өмгөөлөгч, прокурор, шүүгч хамаарах болсон байна. Харин нийгэмд хууль сахиулж гэмт хэрэг зөрчлийг шалгаж ажилладаг цагдаагийн албан хаагч, хэв журам сахиулагч, улсын байцаагч гэсэн статустай хэсэг нь хууль сахиулагч хэсэгт орох аж. Урьд бол цагдаа, хянагч, байцаагч бүгд л хавтгайдаа хуульч гэж нэрлэгдэж ойлгогддог байж. Үүнийг дагаад хууль сахиулах байгууллага нь Цагдаагийн алба, Мөрдөх алба, Маршалын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын алба, Шилжих хөдөлгөөний алба, Хил хамгаалах албуудыг өөртөө багтааж иргэний болон захиргааны шинжтэй үйл ажиллагааг явуулах болж байгаа юм байна.
.
Гэмт хэргийн ба материаллаг хэм хэмжээний шинэтгэл
Энд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулийг засч сайжруулах замаар гэмт хэрэг ба зөрчлийн ялгааг тодорхой болгож өгөх гэнэ. Гэмт хэргийг материаллаг шинжээр нь тодорхойлж хатуу чанга яллах бодлогыг хавтгайд нь хэрэглэхээс зайлсхийж нийгмийн үнэт зүйл шударга ёсыг хамгаалах чиглэлийг зорилгоо болгоно гэж харжээ. Энэ шинэ үзэл баримтлалыг агуулсан Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай зэрэг хуулиудыг УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.
Шинэтгэлд бүхэлдээ авлигатай тэмцэх стратеги, тогтолцоог бэхжүүлэх, Гэмт хэрэгтэй тэмцэх процессын шинэчилэл, Шүүхийн захиргааны байгууллагын шинэтгэл, Хууль сахиулах тогтолцооны дэд бүтцийн шинэтгэл, Дагнасан шүүхийн тогтолцооны шинэтгэл, Авлигаар хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх буцаан олгох асуудал зэрэг өргөн хүрээг өөртөө хамруулан багтаажээ. Эдгээр шинэчлэлийн хүрээнд эхний хэсэг зарим хуулийг нь УИХ-д өргөн бариад байгаа. Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хууль нь өдгөө хэрэглээнд орсон ба удахгүй Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрэх тухай хуультай болох аж. Нийтдээ 42 хууль шинээр болон шинэчлэн батлуулахаар шийджээ.
.
Шинэчлэлээс бид юу хүртэх вэ
Эрх, эрх чөлөөгөө хуулиар хангах, түүнийгээ хуулийн нөхдүүд дагаж мөрдөхийг хүсч байдаг хүсэл маань биелэнэ. Эхлээд хорьчихоод дараа нь нотлох баримтаа цуглуудаг, хүний эрхийн наад захын стандартуудыг зөрчдөг, хуульгүй хууль сахиулагчид үгүй болно. Зөвхөн цаасан дээр бэхжсэн, гарын үсэг зурагдсан байцаалт гэдэг нотлох баримтаар шийтгүүлдэг байдал үгүй болно. Яллах, өмгөөлөх тал тэгш эрхтэй оролцож ил тод мэтгэлцээн таны эрхийг хязгаарлах шүүхийн шийдвэр гардаг болно. Та өөрийн шүүхдэж буй хэн нэгэнтэй нэг хонгиолд биенээ муухай харан, хараал зүхлээ барж зогсохгүй шүүхийн стандарт жишигт нийцсэн байр орчинд хэргээ шийдвэрлүүлнэ. Авилгачид албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн завшиж шамшигдуулсан хөрөнгийг илрүүлж буцаан авч ирж болдгийн байна гэдгийг бид харна. Анх удаа “Шударга ёс” гэдэг ойлголт хуульчлагдана. “Шударга ёс” гэж юуг хэлэх вэ, шударга ёсыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг хамтад нь хуульчлахыг харна.
Зарим нэг нь өөртөө ашигтай “шударга бус” шударга ёсыг мөнгөөр бий болгож болдог нийгэмд бид амьдарсаар байгаа. Мөнгөн дээр эрх мэдэл нэмэгдэж хууль бус хүн засагладаг гаж ардчилал руу хальтирч эхэлсэн. Харин одоо эрх чөлөө шударга ёсыг хуулиар баталгаажуулж хөрөнгө мөнгөтөй бүлэглэл ХҮНИЙ засаглалаас ХУУЛИЙН засаглалд шилжих цаг нь ирээд байна.
.
Магадгүй энэ шинэчлэл хэн нэгний тогтсон үзэл бодол, тогтож хэвшсэн амьдралынх нь хэмнэл, ажил мэргэжлийнхээ талаар баримталдаг хатуу зарчим үзэл баримтлалыг хөндөж болох юм. Магадгүй зарим нэг хүний цалин хангамж албан тушаал эрх ямба шууд өөрчлөгдөхөөр нөлөөлж болох юм.
Үүнийг дагааад хуулийн шинэчлэлийг бүхлээр нь биш ч гэлээ эсэргүүцэгч шүүмжлэгчид цөөнгүй байгаа. Энэ бол шинэчлэлд тулгарах нэг бодит саад. Үүн дээр улстөрчдийн зориг гарган шинэчлэлийг хийх хүсэл эрмэлзэл улс төрийн дэмжлэг байх эсэх нь шинэчлэлийн цаашдын явцад том хүчин зүйл болж нөлөөлнө. Тийм болохоор улстөрчдөө цаг нь ирэхэд шинэчлэлийн төлөө, шударга ёсны төлөө кноп оо дараарай.
.
Арав шахам жилийн өмнө 2004-2005 онд олонхийн хүч түрэмгийлэл олигархи байдлын эхлэл тавигдаж байгаад бухимдаж “Олуулаа болоод эргэж ирнээ” гээд чуулганы танхимаас гараад явсан нэг нөхөр шууд л МУИС-ийн хуулийн тэнхимийн хэдэн багштай уулзаж “Шинэчлэх үү, үүнийг та нар хамт хийх үү” гэж асуужээ. Нөгөөдүүл нь ч яг л тэр шинэчлэлийн тухай яриа мөрөөдлөөр хоол хийдэг болоод удаж буй хуулийн хэдэн залуу багш, оюутан залуухан “кадрууд” байж таарч. “Харин тэгье л дээ, энийг хар даа” гээд өөрсдийн хийсэн хуулийн шинэчлэлийн шинэ үзэл санаа бүхий төслөө буулгасан нооргоо ширээн дээр дэлгэжээ. Энэ уулзалтаас хойш бараг 10 жил өнгөрчээ. Тухайн үед УИХ-ын чуулганы танхимаас ганцаараа гарч явсан нөхөр бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, харин нөгөө оюутан багш нар нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нар байж. Эндээс харахад шинэчлэлийн баг хүрэх өндөрлөгтөө хүрсэн байна. Шинэчлэлийн үзэл баримтлал, шинэ хуулиудын эх бэлэн болж эхэлжээ. Хуульчид ч цаг нь болсон хэлэлцье, шинэчилье гэж байна. Улстөрчид ардчилагчид олонхи байна, олон нийт дэмжиж хүлээж байна.
Тэгэхээр хуулийн шинэчлэлийг тохироо бүрджээ.
.
П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ