Чехийн нийслэл Прагийн төв номын сан 1980-аад онд багтаамж нь хүрэлцэхээ байж тун ноцтой байдалд оржээ. Эрх баригчдын түвшинд удаан хэлэлцсэний эцэст 2006 онд Дэлхийн архитекторуудын холбооны дүрмийн дагуу номын сангийн барилгын олон улсын уралдаан зарласан байна. Уралдаанд дэлхийн өнцөг булан бүрийн 355 архитектор бүтээлээ ирүүлсэн бөгөөд найман төслийг шалгарч үлдсэний дараа хоёр сарын өмнө ялагчийг зарласан юм. Шүүгчид хотын барилга дунд ганц том ногоон нүд шиг харагдах наймаалжийн төслийг шалгаруулжээ.
“Наймаалж”-ийн автор Ян Каплики Чехийн уугуул бөгөөд эх орондоо уран бүтээлтэйгээ эргэж ирж байгаа нь амьдралынх нь хамгийн чухал үйл явдал гэж хэлсэн байна. “Энэ бол хамгийн там бас хамгийн хариуцлагатай даалгавар байсан. Амьдрал маань эхэлсэн газраа дуусна” гэж Британид амьдардаг Ян мэдэгджээ.
Харин түүний бүтээл тус улсын Ерөнхийлөгч болон мэргэжил нэгт нөхдийнх нь хатуу шүүмжид өртөөд байгаа гэнэ. Тэд Прагийн ерөнхий төрхтэй тохирохгүй гэж “Наймаалж”-ийг шүүмжилж байгаа аж. Архитектор “Ерөнхийлөгчид ганц барилгын дизайныг хэлэлцэхээс илүү чухал ажил байдаг байх гэдэгт итгэж байна” гэсэн хариу өгчээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ