Эх орны ирээдүйн эзэд
Монголын нийгэмд эрэгтэйчүүдийн үнэлэмж буурч, эмэгтэйчүүдийн эрх үүрэг илүүтэй давамгайлж байна хэмээн судлаачид дүгнэдэг. Тэгвэл эрэгтэй хүнийн үнэлэмжийг дээшлүүлэхэд өсвөр наснаас нь эхлэн сурч боловсорч, эрдэм мэдлэг олгохоос гадна амьдралын дадал олгох, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд чиглэсэн нэгэн сонирхолтой аяны хаалтын ажиллагаа өчигдөр боллоо.
Баянзүрх дүүрэг дэх Хо-Ши-Мин -ийн нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургууль дээр зохиогдсон энэхүү арга хэмжээнд 87 дугаар сургуулийн “Чингисийн үрс” баг, 102 дугаар сургуулийн “Өргөө” баг, 79 дүгээр сургуулийн “Жалам хар” баг, 14 дүгээр сургуулийн “Хөвгүүд” баг Амгалан цогцолбор сургуулийн “Super boys” баг, 97 дугаар сургуулийн “Монгол бахархал” багийн хөвгүүд оролцов. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон Боловсролын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөллүүд уригдан ирсэн байлаа.
. Тус дүүргийн “Гэгээрэл хөгжил төв”-өөс санаачлан 2005 оноос дүүргийнхээ ЕБС-ийн хөвгүүдийн дунд “Хөвгүүд хөгжил ирээдүй” аяныг зарлаж, өнөөдрийг хүртэл дүүргийн ЕБС-ийн нийт 11700 эрэгтэй сурагчийг энэхүү үйл ажиллагаанд хамруулжээ. Аяныг Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил хамгаалал” хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Дарь-Эх орон нутгийн хөгжил” төвтэй хамтран зохион байгуулж ирсэн гэнэ. Жил бүр “Сургуульд ээлтэй орчин”, “Гэр бүл хайрын орчин”, “Эрүүл чийрэг хөвгүүн”, “Оюунлаг хичээнгүй хөвгүүд”, “Монгол эр хүн”, “Өнөөгийн хөвгүүд” зэрэг сэдвүүдээр тэмцээн уралдаан, уулзалт хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж ирсэн аж. Энэ жилийн хувьд “Боловсролтой зөв монгол хөвгүүн” сэдвийн дор дүүргийнхээ ЕБС-иудад хоёр сарын аян зарласан бөгөөд шилдэгээр шалгарсан зургаан сургуулийн сурагчид өнөөдөр ялагчаа тодрууллаа.
. Ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү аяны үр дүнд өсвөр насны хөвгүүдэд амьдралын ухаан, зөв хүмүүжил, авъяас чадвараа хөгжүүлэх зэрэг мэдлэг чадварыг олж авдаг талаар Баянзүрх дүүргийн “Гэгээрэл хөгжил төв”-ийн захирал н.Дугармаа хэлсэн юм. Түүний хэлснийг баталж, орчин үеийн електро аянд Жалам хар бүжиглэх 14 сургуулийн сурагч хүүгийн бүжиг, Амгалан цогцолбор сургуулийн “Super boys” багийн “Их монголын үрс” загварын үзүүлбэр гээд сэтгэл сэргээсэн олон сайхан тоглолтоо сонирхуулсан. Түүнчлэн оролцогчдод зориулсан 14 сургуулийн шилдэг илтгэгчээр шалгарсан ялагч хүүгийн илтгэл, “Домог” охидын бүжгийн хамтлагийн үзүүлбэр ч гайхалтай байв.
. Өсвөр үеийнхэнд сурах бичгийн хүрээнд мэдлэг олгохоос гадна хичээлийн бус цагаар дуу хөгжим, урлаг соёл, монгол бахархал, эх орноо хайрлаж хүндлэх сэтгэлийг төрүүлж, ирээдүйн зөв монгол залуусыг бэлдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй зохион байгуулагчдад талархах сэтгэл төрснөө нуух юун.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ