
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс(ЗГХК)-ын ХIII хуралдаан энэ сарын 20-23-ны өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва тэргүүлж оролцсон юм. Хуралдааны хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи, Бүх Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хороооны дэд дарга, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Зяруй нартай тус тус уулзав. Монгол, Хятадын харилцаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүх салбарт тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд 2011 онд хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. ЗГХК-ын хуралдааны уулзалтуудын үеэр хоёр тал Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцож, Протокол байгуулан урт хугацааны төлөвлөлтийн асуудлыг ярилцсан юм.
Мөн комиссын хүрээнд зам, тээврийн хамтын ажиллагааны дэд комисс байгуулах, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулахаар тогтлоо. Энэ үеэр Монгол, Хятадын дэд бүтцийг холбох, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадлыг дээшлүүлэх асуудлыг хоёр талын аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор, үе шаттайгаар шийдвэрлэхээ талууд илэрхийлсэн. Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлох транзит тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ хятадын тал илэрхийлж, холбогдох хэлэлцээрийг шинэчилж, ярилцахаар тохиролцов. Тэрээр уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх хамтын ажиллагааны хэлбэрийг ашиглан Монголын нүүрсний томоохон ордыг түшиглэн цахилгаан станц, боловсруулах үйлдвэр барих, нүүрс, занараас шатдаг хий гаргах төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ч ярилцсан юм.
Хятадын талаас олгосон 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг цаг алдалгүй, үр дүнтэй ашиглахад анхаарч ажиллахаа талууд илэрхийлж тусламжийн үлдэгдэл хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн саналаа Шадар сайд танилцуулсан. Түүнчлэн хоёр тал төмөр зам, авто зам, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг чиглэлд Монгол, Хятад, Орос гурван улсыг холбосон төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг идэвхтэй судлахаар тогтов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ