
Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдаалдаг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг жил бүр шалгаж, аттестатчлалд хамруулдаг. Өмнөх жилүүдэд нийслэлийн есөн дүүрэгт зэрэг эхлээд ганцхан ажлын хэсэг шалгадаг байсан гэнэ. Энэ жилийн шалгалт өнгөрсөн даваа гарагт эхэлж, дүүрэг тус бүрээр нь шалгаж байгаа аж.
Баянзүрх дүүрэгт гэхэд л өнгөрсөн мягмар гарагт шалгалт эхлээд зургаан ажлын хэсэг зэрэг шалгалт хийж байгаа юм байна. Харин Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29-31-нд, Хан-Уул дүүрэгт ирэх сарын 3-5-нд, Сонгинохайрхан дүүрэгт 06-16-нд, Сүхбаатар дүүрэгт 16-19-нд, Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд мөн ирэх сарын 16-19-нд тус тус ажлын хэсэг очиж аттестатчилал явуулахаар болжээ.
Согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага 85-95 хувийн хангалттай, дотор засал, чимэглэл, цэвэрлэгээ нь ихэндээ чанарын шаардлага хангадаг. Харин гадна орчны тохижилт үйлчилгээнд огт анхаардаггүй, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал, ногоон байгууламж, явган хүний гарц зэргийг огт хариуцдаггүй байсан гэнэ. Тиймээс гадна талын тохижилтод анхаарах тухай ИТХ-ын 61 дугаар тогтоолын дагуу энэ жилийн шалгалтын ажлын хэсгийнхэн орчны тохижилт, цэвэрлэгээг хангалттай хийсэн байдал, ногоон байгууламжтай эсэхийг нэн тэргүүнд шалгах юм байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ