“Байерн” аваргуудын лигт тэргүүллээ
Өнгөрсөн шөнө Байерн Мюнхен Борусси Дортмундыг 2:1-ээр хожиж аваргуудын лигт түрүүллээ. Лондоны Уэмблдонд болсон тоглолтын эхний үед Дортмундын залуус илүү санаачлагатай байж хэдэн аюултай довтолгоог өрнүүлээд амжсан. Байерны хаалгач Мануэль Нойер тэр бүрийг няцааж байв. Байернаас Арьен Роббен хаалгачийн эсрэг ганцаараа хоёр ч удаа гарсан ч хаалганд бөмбөгийг хийж чадалгүй эхний хагас тэнцээгээр өндөрлөсөн.
Харин хоёрдугаар хагаст Байрн илүү баг нь байв. Байерны зүүн жигүүрээр өрнүүлсэн довтолгоо амжилт олж Манджукич гоолдсон. Франк Рибери бөмбөгийг хүлээн авч Арьен Роббенд тун ухаалаг дамжуулалтыг 16 метрийн торгуулийн талбайд гаргаж өгсөн юм. Арьен Роббен хаалгач Вайденфеллерийг хуурч хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалт хаяснаар Манджукичид бөмбөг ирж тоглолтын гоолын салхийг Байер нээсэн.
Үүнээс нэг их удалгүй Дортмундын довтолгоо зүүн жигүүрээр өрнөж Марко Ройс бөмбөгийг цээжин дээрээ тогтоон хууралт хийх үед Бонфим Данте түүний бүсэлхий рүү жийн алдаа гаргав. Шүүгч торгуулийн цохилт зааж Илкай Гюндоган амжилттай болгосноор 68 дахь минутанд тооны харьцаа тэнцлээ.
Хэдий тоглолт тэнцэж бүх зүйл шинээр эхэлсэн ч энэ өдөр Байерн илүү нь байв. Тоглолтын төгсгөлд Байерн илүүрхэж ээлж дараалсан довтолгоогоор Дортмундыг сандаргаж байсан. Ялангуяа Байерны урд шугам буюу Роббен, Мюллер, Рибери, Манджукич нар энэ өдөр тун сайн байсан. Тоглолтын эцсийн цэгийг 89 дэх минутад Роббен тавьснаар Байерн Мюнхен баг 5 дахь удаагаа Аваргуудын лигт түрүүллээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ