
Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар “Сити оптик” эмнэлгийн эмч, ажилтнууд Сонгино хайрхан дүүргийн алслагдсан, захын сургууль болох 107 дугаар сургуулийн 1, 2 дугаар ангийн арван бүлгийн 320 хүүхдэд хараа зүйн үзлэг, оношилгоо үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Үзлэгийн үеэр, анги бүрт дунджаар зургаагаас долоон хараа зүйн согогтой хүүхэд байгаа нь тогтоогдсон бөгөөд нийт 71 хүүхдийг тодотгогч бодистойгоор нарийвчилсан шинжилгээнд дахин хамруулж, харааг нь тогтоон, үнэ төлбөргүйгээр шил тааруулж өгөхөөр болжээ.

Хүүхдүүдийн хараа муу байгаа шалтгаан нь эцэг эхийн хяналт муу, урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүйтэй холбоотой гэнэ. Манай нөхцөлд ихэвчлэн сургуульд орсон хойно самбар дээр бичсэнийг харахгүй тохиолдолд л эмчид хандаж, оношлуулдаг байна. Гэтэл энэ нь оройтсон байдаг гэнэ. Учир нь хүүхдийн хараа хоёроос долоон насанд бүрэлдэн тогтдог аж. Тэгэхээр нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд гэдэг хараа нь хэдийнэ тогтчихсон гэсэн үг.
Өндөр хөгжилтэй бусад орнуудын туршлагаас харахад, хүүхдүүдийг багаас нь эхлээд зургаан сар тутамд харааг нь шалгуулдаг. Тиймээс манай иргэд ч гэсэн хүүхдүүдээ аль болох багаас нь хараа зүйн үзлэгт хамруулж байх шаардлагатай хэмээн “Сити оптик” эмнэлгийн эмч О.Золжаргал анхааруулсан юм.

Энэхүү ажлыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тойргийнхоо иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд түлхүү анхаарал тавьж ирсэн гэх бөгөөд ирэх намраас тойргийнхоо бусад сургуулиуд дээр хараа зүйн үзлэг, оношилгоог үргэжлүүлэн хийх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ