МЗХ-ноос “Hero” энтертайментид шаардах бичиг хүргүүллээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Hero” энтертайментын “100 чухал сэдэв # Парк” нэвтрүүлэг хэд хэдэн телевизээр цацагдаж, олны хүртээл болсон. Тэгвэл өнөөдөр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны олон нийттэй харилцах албаны ажилтан н.Бадмаараг нар хүүхдийн парк болон “100-н чухал сэдэв # Парк” нэвтрүүлэгтэй холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Хүүхдийн паркийн газрын асуудал сүүлийн хоёр жил нэлээд эрчимтэй яригдаж байна. Энэ үед твиттер дэх жиргээчдийн хүсэлтээр МЗХ-ны дэргэд “Паркаа аваръя” хөдөлгөөнийг байгуулж, олон нийтэд хүүхдийн тодотголтой энэ газрын маргаан, будлианыг ил тод болгосон.
.
Үүний үндсэн дээр хүүхдийн паркийн газрын асуудалд Засгийн газраас ажлын хэсэг гаргуулж чадсан. Одоо уг асуудал хотын дарга дээр гацчихаад байна. Хотын дарга Э.Бат-Үүлээс паркаа аврах төлөвлөгөөгөө гаргаж өгөхийг хүссэн боловч, одоогоор ямар ч хариулт өгөөгүй байна. Харин “Hero” энтертайментийн уран бүтээлчдийн хувьд хэдхэн мөнгөтэй компаниудын захиалгаар “100-н чухал сэдэв # Парк” гэх нэвтрүүлгийг хийж, МЗХ-г дундаас нь мөнгө угаадаг мэтээр ойлгуулж байгаа нь тун харамсалтай байна.
.
Тэд намайг анх нэврүүлэгтээ урихдаа паркийн газрын маргааныг нийтэд үнэн зөвөөр нь хүргэнэ гэж байсан. Харин нэвтрүүлгээ эфирт гаргахдаа хэдхэн мөнгөтэй компаниудын зөв мэт цацсан. Мөн уг нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болдсайхан эмч ямар ч сэтгүүлзүйн мэдлэггүй. Нэвтрүүлэгт урьсан оролцогчоо судлаагүй, дайрч давшсан өнгө аястай байсан. Тэрбээр уг нэвтрүүлгийн дундуур 1990-ээс оноос хойш төрсөн хүүхдүүд сэвэлзүүр, гажиг гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Тиймээс “Hero” энтертаймент залуучуудаас уучлалт гуйх ёстой. Үнэндээ “100-н чухал сэдэв # Парк” нэвтрүүлгийг захиалгаар хийлгэсэн “Боди” групп” хүүхдийн паркад хоёр ширхэг таван одтой зочид буудал барих гэж байгаа” гэв.
.
Түүнчлэн, энэ үеэр МЗХ-оос “Hero” энтертаймент, Б.Болдсайхан эмч нарт албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх- Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ