
Хүн гэдэг амьдралын эрээнтэй бараантай нугачаанд торж бүдэрч, унаж босдог тавилантай. Гэхдээ хүн бүхэн сайн сайхан амьдралыг хүсч, өөрийнхөөрөө аз жаргалын эрэлд морддог бизээ. Аз жаргалтай сайн сайхан амьдарч, хүний орчлонд мөрөө үлдээж, үр хүүхэд хань ижил, аав ээжийнхээ хажууд урт удаан амьдрах нь хүмүүн бидний чин хүсэл. Нөгөө талаар эрх чөлөөний нэгэн илрэл гэлтэй. Гэвч хүн бүхэн сайн сайхныг хүсдэг ч хоромхон зуурын алдаанаасаа болж, эрх чөлөөгөө алдаж, хүний эрхэнд орсон хүн цөөнгүй байдаг. Тэднийг хүмүүс “хэцүү нэртэд” орсон үл бүтэх хүмүүс гэж дүгнэх нь ч бий.
Амьдралын алдаа оноотой тавилангийн нэгээхэн хэсэгт гацаж, хүссэн газраа очих эрхээ хязгаарлуулсан хүмүүсийн хэлдэгээр хоригдол, ялтан гэгддэг хорих ангийн хүмүүжигч нарын нэгэн өдрийг сурвалжлах боломж өнгөрөгч бямба гаригт олдсон юм. Бид Хорих ангийн дарга С.Мөнхгэрэлтэй холбогдсоны дагуу бямба гаригийн өглөө 07.00 цагт Офицеруудын ордны өмнөх зогсоол дээрээс унаандаа суун Говьсүмэр аймаг дахь чанга дэглэмтэй Хорих 425 дугаар ангийг зорьсон.
Тус анги Нээлтэй хаалганы өдөр зохион байгуулж байгаа тул аавыгаа, хүүгээ ахыгаа дүүгээ, ханиа зорьсон гурван автобус дүүрэн зорчигч замдаа гарав. Хүн бүр цаанаа л нэг л гунигтай бодолд дарагдан чимээгүйхэн байх тэр үед дэргэд суусан жаахан охин “Ээжээ би аавыгаа танина” гэж хэлэв. Охин “Энэрэл” асрамжийн газарт сурч хүмүүждэг, одоо хоёрдугаар анги, аавтайгаа уулзахаар багшийнхаа хамт явж байгаа аж. Багшийгаа ээж хэмээн дуудаж, энгэрт эрхэлж, цээжийг нь дэрлэн унтах нь хайр хүрмээр. Автобусанд суугаа бусад хүүхдүүд ч мөн адил аавтайгаа уулзана гэсэн сэтгэл догдлолтой харагдана.
Унаа минь замдаа багахан саатсан ч 12 цагийн орчимд зорьсон газраа ирэв. Уулзалтанд яарсан хүмүүс хорих ангийн хаалга руу алхацгааж, харин бид тус ангийн даргатай уулзахаар холдов.
Биднийг тосч авсан эмэгтэй бол тус ангийн нийгмийн ажилтан. Тэрбээр биднийг даргын өрөөнд хүргэж өгөөд аавтайгаа уулзахаар яарч байгаа охин, багш эмэгтэй хоёртой тусдаа уулзалт хийхээр болсноо хэлж байв. Учир нь аав охин хоёр уулзалгүй гурван жилийг ардаа орхисон. Аавд нь охиныг ирж байгаа талаар огт дуулгаагүй, гэнэтийн мэдээнд цочирдоод бие сэтгэл нь хямарчих вий хэмээн эмчийг бэлэн байдалд байлгаж байгаа гэдгийг ч дуулгасан.
Хорих ангийн дарга С.Мөнхгэрэл тус ангийг хариуцан ажиллах болоод жил гаруйн нүүр үзэж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “ШШГЕГ-ийн зүгээс хүмүүжигч нарыг хашаан дотор хашиж суух биш тэднийг амьдралын зөв дадалд сургаж, хүмүүжүүлж, эргээд нийгэмд гарахад мэргэжилтэй, ажилтай болгоход анхаарч ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого ч мөн ийм байгаа. Хамгийн гол нь хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх асуудал чухал. Нийгэмшүүлэх ажлын хүрээнд нээлттэй хаалганы өдрийг жилд 1-2 удаа хийдэг байсан. Хэрэв нээлттэй хаалганы өдөр үр дүнтэй байвал улиралд нэг удаа хийдэг болохыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаар хүмүүжигч нарын ар гэр хэдий чинээ ойр байна тэр хэрээр эндээс гараад зөв сайхан амьдрах боломж нь нэмэгдэнэ. Хорих анги гэдэг хүний хүсэх газар биш ч гэлээ энд бас хүний эрх яригддаг. Жижиг худалдаа ажиллана, хүмүүжигч нар сардаа Говьсүмбэр аймгийн цалингийн доод хэмжээ болох 120 мянган төгрөгийн арван хувь буюу 12 мянган төгрөгийг сард гар дээрээ байлгах эрхтэй. Түүгээрээ худалдааны цэгээс өөрт хэрэгтэй ариун цэврийн хэрэгсэл, ундаа, чихэр зэргийг худалдан авдаг” гэж байв.
Биднийг ийнхүү ярилцах зуур хүмүүжигч нарын ар гэрийнхэн Хорих ангийн хаалгаар орж дууссанаар бид нээлтийн арга хэмжээнд хамтдаа очихоор гарлаа. Гаднаа том цагаан хашаатай, дотроо 3 метр орчим өндөр блокон хашааны дэргэд очиход биднийг утсаа үлдээхийг сануулсан. Нэрийг минь бичсэн цаас бүхий уутанд гар утас, банкны карт зэргийг үлдээн дотогш оров.
Хамгаалалтынхан зогссон гурван ч хаалгыг дамжин дотогш ороход хүмүжигч нар хэдийнэ ар гэрийнхэнтэйгээ уулзаад эхэлчихсэн байв. Аавынхаа хүзүүнээс тас зуурсан хүүхдүүд, ээждээ эрхлэх залуу, хайртыгаа чин сэтгэлээсээ тэврэн зогсох хосууд гээд үнэхээр хүлээсэн сэтгэлийг дэвтээж, нулимс дуслуулсан дүр зураг харагдаж байв. Тэдэн дунд ар гэрийнхэн нь ирээгүй, ирдэггүй гэх хүмүүжигч нар энэхэн зуурт зүрх сэтгэлээсээ атаархаж, халаглаж харамсаж байгаа нь ч харагдаж байлаа.

Энэ хашаан дотор 300 гаран хүмүүжигч 3-25 жилийн ялтай, ид хийж бүтээж, эх орныхоо хөгжилд гар бие оролцож явах ёстой залуус хоригдож байгаа гээд бодохоор үнэхээр харамсаж халаглах сэтгэл төрсныг нуух юун.
Удалгүй Хорих ангийн дарга үг хэлж, нээлтийн ажиллагаа албан ёсоор эхлэв. Хүмүүжигч нар ая дуугаа өргөж, шүлэг унших зэргээр бяцхан урлагийн тоглолт сонирхуулсан. Энэ өдрийн хамгийн чухал арга хэмжээ болох аав охин хоёрыг уулзуулах мөч ирлээ. Хүмүүжигч аавыг тайзнаа дуудаж гарган “Энэ өдөр охиныг нь уулзуулахыг зорьсон. Удтал хайж холбоо тогтоосны үр дүн гарч охин өнөөдөр энд багштайгаа ирсэн” гэж хэлэн охиныг тайзнаа гаргасан.

Тэр хором, тэр мөчид бүгд чив чимээгүй. Аав гэнэтийн баярт мэдээнд ихэд цочирдсан ч олон хүний нүдэнд тэвчээртэй охиноо хөтлөн зогссоор л байсан.
Мөн энэ үеэр Хорих ангийн хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх, сэтгэл санаа болон хүмүүжлийн ажилд хамтран ажилладаг “Үйлс сэргээх андууд” ТББ-ийнхан ар гэрээс нь эргэлт ирээгүй 70 орчим хүмүжчигч нарт өдрийн хоол өгч байгаагаа мэдээлж байв.
Түүнчлэн ШШГЕГ-аас хүмүүжигчдийг нийгэмшүүлэхийн тулд сургалтад хамруулах, мэргэжил олгодог бөгөөд Чойр хот дахь “Говьсүмбэр МЕТ коллеж”-той хамтран уул уурхай, барилгын чиглэлээр сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгодог талаар тус коллежийн захирал Г.Энхбат танилцуулсан. Ялангуяа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, тэр дундаа “МАК” компани тус хорих ангийн хүмүүжигчдийг ажиллуулах хүсэлт ирүүлдэг аж. Тус коллеж жил бүр хорихын 30 хүмүүжигчийг үнэ төлбөргүйгээр сургаж, ажилд зуучилдаг гэнэ. Хорихоос суллагдаж гараад уул уурхайн компанид ажиллаж байгаа хүмүүжигчид ч байгаа гэсэн юм.
Ингээд нээлтийн арга хэмжээ өндөрлөж, хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид хүмүүжигчдийн ар гэрийхэнтэй нь уулзаж, тэдний ялын хугацаа, цалингийн хэмжээ өөрчлөгдсөн эсэх гээд хариулт нэхсэн асуултад дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Энэ нь ял эдлэх хугацаанд ногдсон ажил үүргээ сайн биелүүлж буй хүмүүжигчдийн ялаас хоног хасч, цалин урамшуулал олгодог журам гэнэ.
Нийгмийн ажилтнаас хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудыг сонирхсон. Тэрбээр хэлэхдээ “Манай чанга дэглэмтэй хорих ангид 300 гаран хүн ял эдэлж байгаа. Нийгэмшүүлэх ажилд гурван нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч долоо хоногт 2-3 удаа сургалт явуулж байна. Ингэхдээ төрийн болон Төрийн бус байгууллагынхантай хамтарч явуулдаг. “Үйлс сэргээх андууд” ТББ, аймгийн төрийн байгууллагууд, эмнэлгийн байгууллагуудтай байнга хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн ШШГЕГ-аас өгч байгаа үүрэг маань ч гэсэн хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд илүү анхаарч ажиллахыг чиглэл болгосон. Хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх ажил гэдэгт амьдралын ямар шалтгаанаас үүдэн энэ гэмт хэргийг үйлдэв гэдгийг ярилцдаг. Эргээд энэ хүмүүсийг тодорхой хэмжээнд сургалтад хамруулж, нээрээ тийм шүү гэсэн ухаарлыг аваад эндээс гарч байна.
Гэтэл тэднийг нийгэм хүлээж авахгүй хэцүү байна. Эргээд гараад очиход тосоод авах аав ээж, ах дүү амраг садан нь хэн билээ. Эндээс гарахад ажил төрөл, орон байрны асуудал юу билээ. Ийм асуудлаас үүдэн эргээд нийгэмд хөл алдах асуудал байгаа тул нийгэм ч бас хүлээж авах, нийгэмшүүлэх асуудалд анхаарах цаг ирсэн. Энэ бүхэн үнэхээр дутмаг байгаа. Манай ангийн хувьд сургалтын танхим байна, ТББ-ынхан олон нийт бүгдэд нь хамааралтай сургалт явуулж байна. Энэ удаад л гэхэд ар гэртэйгээ уулзаж байгаагүй гурван хүмүүжигчийг тэдэнтэй нь уулзуулж байна. Энэ бол тодорхой хэмжээгээр нийгэмшүүлэх ажлын нэг хэсэг. Бид тодорхой хэмжээгээр хүмүүжүүлээд гаргахад тосоод авах ар гэр хамгийн чухал хүчин зүйл учраас энэ асуудлыг их анхаардаг.
Мөн ялын хугацаа нь дуусаад суллагдан гарч байгаа хүмүүсийг ТББ-уудтай хамтраад ажил олгох талд гар бие оролцож байна. Манай ШШГЕГ дэргэдээ мэргэжил олгох сургалтын төвтэй, дээр нь Говьсүмбэр аймгийн МСҮТ хамтран 69 хүмүүжигчийг гагнуурын, өрлөгийн, цахилгааны гэсэн сургалтуудад хамруулсан. Мэргэжлийн үнэмлэхтэй болгосон том ажил хийсэн” гэв.
Бид нийгмийн ажилтантай ярилцаж, хамгийн сайн гэгдсэн нэг хүмүүжигчтэй ярилцах боломжтой болов. Тэрбээр 30 гаран насны залуу байсан юм. Энгийн үед түүнтэй таарсан бол эгэл жирийн сайхан монгол залуусын нэгэн харагдана. Гэвч тэрбээр хийсэн гэм буруутай үйлдлийнхээ хариуд тус хорих ангид ирсэн. Түүний хэлсэн ярьсныг нэгийг ч үлдээлгүй уншигч таньд хүргэж байна. Учир нь амьдралд хүн алдах үе зөндөө бий ч, алдсан алдаанаасаа ухаарал авч, амьдралыг зөвөөр эргэцүүлсэн хүний маш чухал үгс байсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Энд хүмүүжиж байгаа нийт залуус бол бүгд хүн хүлээхийн зовлон гэж юу байдгийг биеэрээ туулсан. Хоёрт, эрх чөлөө гэдэг хоёрхон үгэнд ямар үнэ цэнэтэй олон зүйл багтаж болдогийг, юу юу тэнд байдаг вэ гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч өөрийнхөөрөө ухаарч явна. Жишээлбэл, эрх чөлөөнд юу байж болох вэ гэхээр юугаар ч солимгүй нандин гэр бүлийн хайр, нөхөрлөлийн үнэ цэнэ.
Иймэрхүү газар ороод ирлээ гэхэд найз нөхөд гэж яригдаж байсан хүмүүс бүгд хаяад яваад өгнө. Эцсийн эцэст хүнд аав, ээж, хань ижил, үр хүүхэд л үлддэг. Тэгэхээр найз нөхдөө зөв сонгож найзлах хэрэгтэй. Өнөөдрийн зөв гэж бодож байгаа буруу үйлдэлдээ санаа зовохгүй явсаар байгаад тэр нь том алдаа болж эцэст нь энд ирнэ. Энд ирэхэд том алдаа гэж байхгүй зөвхөн өөрийнх нь буруу үйлийн үр л байгаа. Ихэнхдээ найзуудтайгаа доргиж, бааранд орж ууж, жаахан согтохоороо нэгийгээ зодож, гэмтээсэн гээд голдуу архинаас болж л залуус энд ирцгээсэн. Тийм болохоор архинаас л хол байх хэрэгтэй.
Яг ууж байхад мэдээж хүн болгоны хэлдэгээр үнэхээр сайхан байдаг. Согтож ухаанаа алдахаараа хаана ирэхэв. Төгсгөл нь энд л байгаа. Энд ирээд гэр бүлээ алдана, өөрийнхөө үнэ цэнийг алдана. Хамгийн үнэ цэнэтэй амьдралаа алдана. Тийм болохоор эрх чөлөөг алдахгүй хайрлах хэрэгтэй. Эрх чөлөөнд байгаа хором бүрийг хайрлах хэрэгтэй. Тийм учраас эрх чөлөөтэй залуустаа хандаж, алдаа бага хийгээрэй, хичээж амьдраарай. Эрх чөлөө гэж хамгийн сайхан юм байдаг юм. Тэр эрх чөлөөний сайхныг зүгээр л нүдээ аньж байгаад сайхан амьсгалаад үз л дээ. Тэгэхэд л мэдэгдэнэ.
Бид нар одоо энд амьсгал аваад үзье гэхэд дотоод сэтгэлдээ зовиуртай болохоор хичнээн амьсгалсан ч тэр сайхныг мэдэрч чадахгүй. Гэхдээ бид азтай хүмүүс. Ардчилсан оронд хүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдарч байна. Бие биенээ ойлгодог, монгол хүний тэр сайхан чанарыг мэдэрдэг учраас торны цаана суугаа ч гэсэн бид биенээ түшиж тулж, ядарсан нэгнээ өргөж, ямар ч л байсан амьдарч л байна. Амьдрал үргэлжилж л байна. Гэхдээ яахав, алдаанд их бага гэсэн ойлголт ялгаа гэж байхгүй. Бага ч гэсэн алдаа бол алдаа. Эцсийн эцэст тэр алдаа энд л авчирна.
Энд юу ч байхгүй. Энд та нарыг хайрлах гэр бүл байхгүй, та нарыг нийгмийн үнэ цэнэтэй иргэн гэж үнэлж, хүндлэх хүндлэл байхгүй. Энд ирээд залхана, хүн хүлээхийн зовлонг мэдэрнэ, хүний нийгмийн нарийн нандин сайхан бүхнийг амталж, мэдэрч чадахгүй. Хүний нийгэмд ямар сайхан бүхэн байгаа билээ. Үр хүүхэдтэйгээ орой болгон ажлаа тараад уулзана. Энд улиралдаа нэг удаа уулзана. Хүүхэд чинь санана, өөрөө хүүхдээ санана. Аажимдаа ний нуугүй хэлэхэд амьдрал, гэр бүлүүд салж байна.
Тэгээд л өрх толгойлсон эмэгтэй, энд нэг ганц бие залуу. Гараад л хань ижил байхгүй яах юм архи ууна, дахиад алдаад эргээд л энд ирнэ. Тэгж амьдармааргүй байна. Тэр амьдралыг төсөөлөөд ч хэрэггүй. Одоо наранд эрх чөлөөтэй үнэхээр гоё байна гэж байна. Бүх юм чөлөөтэй, хэн сэтгэж чадна, хэн амьдрахыг хүснэ тэр хүнд бүх юм нээлттэй байна гэдгийг сонсож байна. Тэгэхээр хичээх хэрэгтэй, нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй.
Тэгж л захимаар байна, залуучууд минь. Бааранд ороод хэрэггүй ээ, тэнд чинь сайхан юм байхгүй ш дээ. Тэрийг уугаад яах юм. Одоо шинэ үеийн залуус тамхи, архинаас татгалзаж байгаа гэж байна. Энэ бол маш сайн зүйл. Залуус гэр бүлээ хордуулж, архи ууж, амьдралынхаа үнэ цэнэтэй бүхнийг алдахын оронд өөртөө байгаа жинхэнэ эрх чөлөөг зөв мэдрээрэй. Нөгөө “Саак байна, Саак байна” гэж дуу байдаг даа.
“Халаас хоосон ч надад эрх чөлөө байна” гэж тэр чинь үнэхээр үнэн үгтэй дуу юм байна. Энд орж ирээд яг мэдрэгддэг. Үнэхээр үнэн дуулсан. Эрх чөлөөний хамгийн гоё нь тэр л байдаг юм байна. Энд яах юм бэ хорих байр, хичнээн өөрт хэрэгтэй юм байлаа ч хөл тушаатай, амьдралын хором мөч бүрийд тохиох аз жаргалыг мэдэрч чадахгүй байна. Хамгийн гол нь амьдралынхаа хамгийн оргилуун дэврүүн залуу насыг энд өнгөрүүлж байна. Залуучууддаа ухаалаг байгаарай гэж захья даа” гэсэн юм.
Түүний үгийг чагнаж зогсоход үнэхээр хүний амьдралд эрх чөлөө гэж ямар эрхэм зүйл болохыг хүссэн зүгтээ хэзээ ч гараад явж болдог минь ямар чухал болохыг ойлгосон. Ээж аавыгаа санасан үедээ очоод үнсүүлж, хайртай хүнээ, үр хүүхдээ цаг мөч хором бүрийд хайрлаж, амьдралыг бас өөрийгөө хайрлахын үнэ цэнийг мэдрэх шиг болсон.
Бидний энэхүү бяцхан уулзалтын дараа “ICE TOP” хамтлагийнхан ирж, багахан тоглолтоо сонирхуулсан. Хэдийгээр орчин үеийн залуусын сонсох дуртай этгээд үг хэллэгтэй, хөнгөн хэмнэлтэй дуу ч гэлээ үзэж байгаа үзэгчид нь цөм чимээгүй. Хэрэв тэд эрх чөлөөтэй байсан бол огт өөрөөр хүлээж авах байсан болов уу гэж санагдсан.
Удалгүй ирсэн гийчин буцдаг жамаар нээлттэй өдөрлөгийн цаг дуусах дөхөж байна, 16.30 гэхэд хүмүүжигчдээс бусад нь хашааг орхин гарна уу гэсэн зарлал хэлсэн. Охинтойгоо уулзалгүй удсан ч хэдэн цаг элгээ дэвтээсэн аав охиноо бушуухан багшийнх нь гарт хөтлүүлээд эргэж харалгүй алхсан. Эр хүн зүрхэндээ уйлдаг гэдэг. Энэ үед олон олон аавууд, үр хүүхдийнхээ хажууд нулимсаа унагахгүй хэмээн бушуухан холдон явцгаасан.

Дараагийн уулзалт гурван сарын дараа, хагас жил түүнээс ч удаан хугацаагаар уулзахгүй байж магадгүй. Гэвч хүн гэдэг жаргал дааж чаддаггүй ч зовлонг дааж чаддаг гэдэг энэ ажээ. Залуу нас богинохон, хүний амьдрал ч хугацаатай. Ганц олдох энэ л насандаа хүн бүхэн тэдэн шиг битгий алдаасай. Амьдралдаа ухаантай хандаарай хэмээн захисан үгсийг санасаар би хэрмэн хашааны гадна гарч ирээд эрх чөлөөтэй гэдгээ мэдэрч уртаар амьсгаа авав.
Энэ бол нэг л олдох амьдрал, халаас хоосон ч эрх чөлөөг мэдэрч, аз жаргалыг амталж болдог юм байна гэсэн ухаарал дүүрэн амьсгал байсан юм.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ