
Нэр дэвшигчдийн “Пи Ар”-чид аядуухан бие биенээ харзнасхийн уулзалтууд сайхан болж байгаа талаар цагаахан мэдээ савж байна.
Онцлог содондуу гэвэл “Манан дундаас цоройж гарч ирсэн Н.Удвал”-ын тухай нэг сурталчилгааны мэдээ байна. Монголд 800 гаруй хууль гарсан гэнэ. Энэ их хуулиас ганц нь ч чихэнд хүрээгүй. УИХ-ын гишүүдээс хамгийн дээд тал нь 13 компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж байна, хамгийн доод тал нь 4 компанийн хувьцааг эзэмшиж байгаа УИХ-ын гишүүн байна. Ийм байхад монголын эдийн засаг сөхрөхгүй яадаг юм, монголын ард түмэн ядуурахгүй яах юм... гэж овоо боломжийн зөв санаа цухалзуулаад араас нь энийг таслан зогсоож чадахгүй юм бол Н.Удвал юу гэж нэр дэвших юм дээ. Олон жил улс төрд чанагдсан, амьдралын хүнд нөхцөл байдлаас боссон, боловсрол мэдлэг жигдэрсэн ийм л хүн бол Н.Удвал юм гэж нэр дэвшигчээ өргөж өгчээ.
Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд анх нэр дэвшигчээр намаасаа тодорч гарч ирэхдээ “Уул уурхайгаас мөнгө олж байгаа явдлыг таслан зогсооно” гэсэн утгатай зүйл ярчихсан нь эргээд “Тэгээд яаж хөгжих гээв” гэсэн сөрөг Пи Арт орчихож. Энэ алдаагаа засахаар шийдсэн бололтой “... Б.Бат-Эрдэнийг зарим хүмүүс уул уурхайн салбарыг дэмжихгүй бодлого барьдаг Ерөнхийлөгч болох нь гэж шууд дүгнэж байгаа нь буруу юм” гээд Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хуульч гишүүнийхээ хувьд хэд хэдэн хууль санаачлан боловсруулж батлуулсан бөгөөд үүнд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хууль буюу бидний нэрлэж заншсанаар “урт нэртэй” хууль орно. Энэ бол санаа, агуулга маш сайн хууль болсон гэж хуульчид үздэг.
Бичил уурхай эзэмшигч буюу хувиараа алт олборлогч нинжа нартай холбоотой сөрөг үр дагавар, 245 ашиглалтын лиценз, алтны зургаан шороон ордын зөвшөөрлийг цуцлахад хоёр их наяд төгрөгийн нөхөн олговор олгох гээд асуудал байгаа ч угтаа Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, эх орны онгон сайхан байгалийг хайр найргүй хандан доройтуулж буй байдалд хяналт тавих хууль болсноороо маш ач холбогдолтой хууль юм гэсэн нийтлэлийг сайтуудын тэргүүн нүүрт залжээ.
Зарим сайтаар өчигдөр харагдсан “...Б.Бат-Эрдэнэ огт цагаан гартан биш, тэр өөрөө л бүхнийг өөрийнхөө гараар чамбай хийгээд сурчихсан хүн. Манайхан амжилтад хүрсэн, агуу хүн гэхээр л энэ чигээрээ байсан шиг санаж, эсвэл тэр чигээрээ төрчихсөн юм шиг аашилж, нэрэлхүү зан гаргах нь бий..... Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ... Монгол бөхийн түүхэнд урьд огт дуулдаагүй том амжилтын эзэн. Ямартаа л улсын наадамд түрүүлсэн бөхөө монголчууд Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэх яриа гарах вэ дээ. Улсын наадамд 11, Нууц товчооны ойн их даншигт нэг удаа, цагаан сарын барилдаанд 12 жил дараалан түрүүлсэн. Цагийг эзлэн төрнө гэдэг чухамдаа энэ билээ. Тэр өрсөлдөгчдөөсөө биеэр том бус, хүчээр илт тасархай биш. Харин сэтгэлийн хүч, тэвчээр, уйгагүй хөдөлмөрөөрөө л энэ амжилтын оргилд гарч чадсан юм. ...Тэр байгаагаараа л байгаа монгол эр. Хэлний мэдлэг чадварын хувьд Б.Бат-Эрдэнэ англи, орос хэлтэй. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхдаа олон улсын төлөөлөгчидтэй уулзан ярилцах шаардлага гарцаагүй гарсан тул англи хэлийг чадамгай сурчээ. Харин орос хэлийг бол дунд сургуулиасаа л мэдэж, сурч авсан.Тиймээс хэлний мэдлэгийн хувьд хэнбугайн ч дор орохооргүй болж чадсан байна. Твиттер, фэйсбүүкийн хувьд Б.Бат-Эрдэнэ үнэндээ саяхнаас л анхаарал хандуулж эхэлсэн. Учир нь байгаль орчин, хууль тогтоомж гээд эх орноо эргэх, газрынхаа зүрхэн судсыг тэмтрэх ажлыг өөрийнхөө үүрэг гээд ойлгочихсон хүн” гэх зэргээр хангалттай дэлгэрэнгүй магтан бичсэн
“Монголд яагаад Б.Бат-Эрдэнэ шиг ерөнхийлөгч хэрэгтэй вэ” гэсэн нийтлэлтэй нь өнөөдрийн “.. хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ” гэсэн богино нийтлэл нь дүйцэхээр болсон санагдлаа.
АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгаар давхиж явна. Өчигдөр Ханбогд, Цогтцэций сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч дэлхийн хэмжээнд яригдаж буй хамгийн том төсөл болох Оюутолгойн хажууд байх тус сум өнөөдрийг хүртэл дизель станцаар гэрэл цахилгаантай байгааг шүүмжилж, Оюутолгой Засгийн газар хоёрын хооронд даруй гэрээ хийн, Ханбогд сумыг ойрын хугацаанд байнгын гэрэл цахилгаантай болгох тухай асуудлыг авч хэлэлцэхээ хэллээ. Түүний анхаарсан нэг асуудал бол Оюутолгойгоос Ханбогд сум хүртэлх 45 км зам өнөөдрийг хүртэл шороон зам хэвээр байгаад байлаа. Үүнийг шийдэх асуудлаар Оюутолгойнхонтой уулзаж ярилцахаа ч мөн хэлсэн юм. Мөн тус сумынханд төсвөөс 500 сая төгрөг хуваарилагдсан болохыг хэлж заалан доторх баярын алга ташилтын нижигнээг нэмсэн бололтой байна.
Мөн урьд өдрүүдэд аймгаараа, сумаараа нэг нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлж байсан бол хотын онцлогт тохирсон шинэ давалгаа бас эхэлчихсэн байна. Энэ нь Н.Удвалыг орцоороо дэмжих хөдөлгөөн бий болсон тухай мэдээ өнөөдрийн нэр дэвшигчдийн мэдээг чимлээ.
Нэр дэвшигчид энд тэнд л яваад байна. Гэхдээ ярьж хэлж байгаа зүйл сурталчилгааны тактикууд нь онц өөрчлөлтгүй байна.
П.Баярхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ