
Хангайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Хяналт шалгалт, мэдээлэл, сургалт сурталчилгаа” сэдэвт арга хэмжээ хэрэгжүүлж байна. Уг ажлын хүрээнд энэ сарын 11,12-нд Их тамир сумын Хан-Өндөр, Хөхнуур багийн иргэдэд Байгаль орчны тухай, орчны бүсийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, байгаль хамгаалах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, экологи, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Байгаль хамгаалах өдөрлөг” зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр байгаль орчны танин мэдэхүйн болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар сургалт хийж, сургалтаар олгосон мэдлэгийг бататгах зорилгоор иргэдийн дунд байгаль орчны танин мэдэхүйн чиглэлээр тэмцээнүүд явуулав. Тухайлбал, үгийн сүлжээ бөглөх, амьтдыг мөрөөр нь, шинж тэмдгээр нь таних, хөгжөөн дэмжигчдийн дунд байгаль орчны тухай хууль тогтоомжийн асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан нь малчдын сонирхлыг татсан арга хэмжээ боллоо.
Мөн байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудаар иргэдийн саналыг хайрцгаар аван дүгнэлт хийж, орон нутгийн түвшинд түүнийг шийдэх алхмуудаа тодорхойлсон нь байгаль хамгаалах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоо хэрэгжүүлсэн гэж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ