Д.Ганхуяг: Үрэлгэн төсвийг хөгжлийнх болгох гээд сууж байна

img

2012 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Өмнөх жилүүдээ бодвол хэд дахин томорсон сонгуулийн үнэр шингэсэн төсөв болж байна хэмээн улчтөрчид, эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Үнэхээр ирэх  жилийн төсвийг ингэж томруулах шаардлага байгаа эсэх талаар АН-ын бүлгийн төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягтай ярилцлаа. -Та АН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж байгаа. Ирэх онд төсвийн орлого, зарлага их өссөн, үрэлгэн төсөв гэсэн  шүүмжлэл гарч байна. Таны бодлоор? -Ажлын хэсэг  Засгийн газраас  УИХ-д өргөн барьсан 2012 оны төсвийн төслийг нь сонгуульд зориулагдсан, үр ашиг муутай, үрэлгэн төсөв  гэж  дүгнэсэн. Ажлын хэсгээс оруулсан саналыг манай бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Энэ 7 хоногт бид хууль санаачлагчидтай уулзалт хийж байна. Ирэх онд ДНБ-ний өсөлт 25.6, төсвийн орлого 6.35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.47 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувь, төсвийн алдагдал ДНБ 4.1 хувь 740 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Төсвийн  үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад төсвийн орлого 60, нийт зарлага 54 хувиар өсөхөөр байна. ДНБ-тэй  харьцуулсан Төсвийн алдагдал 2011 онд 9.9 хувьтай байсан бол 2012 онд 4.1 хувьтай болж буурч байгаа ч мөнгөн дүнгээс нь тооцвол 4.5 дахин өсөхөөр байна. Төсвийн нийт зарлага дотор урсгал зардал нь 68 хувь буюу 5.08 их наяд төгрөг болж байна. Урсгал зардал 2011 онтой харьцуулахад 62 хувиар нэмэгджээ.Энэ урсгал зардал урсаад л алга болно. Төсвийн хөрөнгө оруулалт саяхан хийсэн 2011 оны төсвийн тодотголын өмнөх үетэй харьцуулахад 3 дахин нэмэгдэж 2.18 их наяд төгрөг болж байна. Харин төсвийн өр ДНБ-ий 55 хувьтай  буюу 10.3 их наяд төгрөг болж 2011 онтой харьцуулахад 54 хувиар буюу  4.73 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. Энд бас нэг ойлгомжгүй тоо байгаа нь ДНБ энэ онд 10 их наяд  байснаа 2012 онд 18 их наяд болсон нь 80 хувиар  буюу 1 хүнд оногдох ДНБ 5.000 ам долларт хүргэх зорилт хэрэгжих болж байна. Гэвч Засгийн газар энэ өсөлтийг 25.6 хувь гэж тооцсон байгаа.  ДНБ-тэй харьцуулсан төсвийн үзүүлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог илэрхийлнэ.Тиймээс ДНБ ихээр өсөх нь  тэр оролцоо багасна гэсэн үг. Төсвийн эдгээр үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад хувиар тооцвол хамгийн их нэмэгдсэн нь төсвийн алдагдал, төсвийн хөрөнгө оруулалт, мөнгөн дүнгээр тооцвол  өр, дараа нь урсгал зардал  орж байна. Зах зээлд нийлүүлж байгаа мөнгөний дүн 2011 онтой харьцуулахад 60 гаруй хувиар нэмэгдэхээр байна. Өнөөгийн байдлаар инфляци 10 орчим хувьтай, хэрэглээний сагсны 240 орчим төрлийн барааны 90 орчим хувийнх нь үнэ өсөх хандлага гарсан  байна. Иймээс Монголбанк төсвийн урсгал зардлыг багадаа 1 их наяд төгрөгөөр танахгүй бол инфляци ирэх оны эхний хагас жилд хорин хувь уруу ойртоно гэсэн сигналыг өгөөд байна. Энэ талаар ОУВС ч төсвийн урсгал зардлыг танахгүй бол 2012 онд инфляци 20 хувиас давна гэсэн прогнозыг дэвшүүлээд байгаа. Мөн төсвийн хөрөнгө оруулалт хэдийгээр 3 дахин нэмэгдэж байгаа ч  засаг захиргааны нэгжээр хуваарилагддаг  нөгөө л боловсрол, эрүүл мэндийн  салбар, орон нутгийн чанартай болон улсын чанартай зам, гэрэлтүүлэг, төсвийн байгууллагын конторыг шинээр барихад  чиглэгдсэн байна. Шинээр барих төрийн байгууллагын конторын барилгын төсөвт өртөг 160 орчим тэрбум төгрөг, үүнээс 2012 онд санхүүжих нь 100 орчим тэрбум төгрөг байна. Төрийн байгууллагын контор нэмэгдсээр ашиглалтын зардал, орон тоо нэмэгдэнэ. Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд саяхан 2011 оны төсөвд тодотгол хийж мөн хөрөнгө оруулалтыг 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энд хоёр асуудал байна. Нэг нь 2011 оны эхний есөн сарын байдлаар бүтээн байгуулалты ажилд шаардагдах гол нэрийн барилгын материал болох цементийнхээ 60 орчим хувийг импортолж, үнэ нь 30 хувиар нэмэгджээ. Мөн Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүйгээс тээврийн зардал 20 гаруй хувиар өсчээ. Түүнчлэн барилгын төмөр хийцийн нилээд хувийг импортолж байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь чанар муутай байна. Эдгээр материалын түүхий эд нь уг нь манайд хангалттай байгаа шүү дээ. Хоёр дахь нь 2008 оны сонгуулийн жилд төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилт 60-70 хувьтай байсан. Иймд 2012 он ч сонгуулийн жил тул ингэж хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байна. - Танай ажлын хэсгээс 2012 оны төсвийг хэрхэн өөрчлөх санал оруулж байна. Гишүүд сонгууль бодоод тойрог уруугаа хөрөнгө оруулалт татахыг бодоод Засгийн газраас оруулж ирсэн саналд зарлага нэмж баталдагаа давтах юм биш үү? -Ажлын хэсэг төсвийн урсгал зардлыг 2011 оны тодотголын өмнөх түвшинд царцааж урсгал зардлыг царцаах, төсвийг алдагдалгүй батлах, төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсвөөс төрийн байгууллагуудын шинээр барих конторын зардлыг танах, төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллагуудад тавилга болон машин худалдаж авах зардлыг танах зэргээс 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Мөн  бүх иргэдэд Тавантолгойгоос 1 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас тараах эсхүл 1 сая трөгөг авах сонголтыг хийлгэх. Иргэдэд тараах 536 ч  юмуу 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ Тавантолгойн 29 хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржүүдээр борлуулснаар доод тал нь 1 дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Ийм байдлаар төсвийн хуулийг өөрчилснөөр төсвийн зарлага 1.5-2 их наяд төгрөгөөр буурах боломжтой. Хэрэв ингэж чадахгүй энэ чигээр нь баталвал 2012 онд инфляци өсч нөгөө орлого багатай нийгмийн давхарга,  дундаж орлоготой давхаргын амьжиргаанд хүнд цохилтыг авчирч болзошгүй. -Төсвийн  хөрөнгө оруулалтын үр дүнг яаж нэмэгдүүлэх юм бэ. Цалин тэтгэврийг нэмнэ гэсэн Засгийн газрын саналыг хүлээн авах уу? -Төсвийн хөрөнгө оруулалтын  үр өгөөжийг сайжруулах олон арга бий.Нөгөө талаас энэ төсвийн бодлогоор эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг зайлшгүй гаргаж ирэх шаардлагатай. Энэ нь ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг урсгал зардлыг тэлэх байдлаар үрээд дуусах биш,  ажлын байр ихээр нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай ашигт малтмалаа боловсруулах, бусад салбарын хөгжлийг дэмжих явдал. Хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахад тухайлбал тэр шинээр барих шаардлагатай 6000 км замыг эдийн ,засаг нийгмийн ач холбогдлоор нь  гурав ангилж зөвхөн эхний ангилалд орсон замыг ирэх онуудад тавих. Тухайлбал, Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл гарцаагүй нэгдүгээр ангилалд гарч ирнэ. Мөн нийслэлийн хэт төлөвлөлтөөс үүүдэлтэй түгжрэлийн асуудал, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудал ч энэ ангилалд орох байх. УИХ-аас 2007 онд  газар тариалангийн салбар тодруулбал үр, тариа гурилын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг анхлан санаачлан баталснаар, Засгийн газар хэрэгжүүлэхдээ Атар-3 аян нэр өгч хэрэгжүүлсэн. Яг үүнтэй төстэй загвараар барилгын гол нэрийн материалын үйлдвэрийг дэмжих. Зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гээд олон чухал салбар байна. Мөн төмөр зам баригдах түүнд шаардагдах санхүүжилтийг шийдсэн байгаа гэвч нөгөө ашигт малтмалаа боловсруулах Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зардал нь ирэх оны төсөвт суугаагүй байна. Энэ зардлыг суулгах шаардлагатай.  Дээр нь ажлын хэсэг түүхий нүүрс, төмрийн хүдэр хоёр дээр экспортын татвартай болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.Тэр Засгийн газрын 24 цагийн дотор татаж авсан хуулийн төслийг сэргээнэ гэж ярьж байгаа.  Зорилго нь ашигт малтмалаа боловсруулж гаргах, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах. Бодит жишээ нь Хятад улсад нүүрс борлуулагчийнхаа хувьд Монгол Австралийн өмнө орсон ч борлуулж буй үнээрээ 3 дахин хямд, улсын төсөвд татвараар оруулж буй орлого нь 5 дахин бага байж болохгүй биз дээ. -Та сая 6000 км зам гэж ярилаа. Мөн Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам гэж бас ярих болсон.Энэ хөрөнгийг хаанаас яаж гаргах юм бэ? -AH3 \ Asian high way -3 \ л даа. Энэ замыг барьснаар Азийн авто замын сүлжээнд холбогдоно гэсэн үг. Хоёр хөршийн худалдааны эргэлт жилээс жилд асар ихээр нэмэгдэж байна. Энэ замыг хоёр хөрш ашиглавал асар их тээврийн зардлыг хэмнэнэ. Мөн манай улсын хөгжилд ч том түлхэц болно. Харин манайх хоёр хөрштэйгээ сайн хамтарч ажиллаж худалдааны эрх зүйн орчноо харилцан адил болгож, хоёр хил дээрээ чөлөөт эдийн засгийн бүсийг жинхэнэ утгаар нь байгуулмаар байна. Өнөөгийн байдал нь Замын-Үүд, Эрээний хөгжлийг харьцуулж харж болно, нөгөө талаас одоогийн байдлаар чөлөөт бүсийн дэд бүтцийг улсын төсвөөс бий болгочихоод манай компаниуд бүх газрыг авчихаад суугаад байвал хэн ч энэ бүсэд орж ирэхгүй. Харин  газрынх нь 50 хувийг 2 хөрш болон, бусад хөрөнгө оруулагчдад түрээсээр эзэмшүүлэх хэрэгтэй. Энэ дэлхийд үйл ажиллагаа нь сайн явж байгаа чөлөөт бүсүүд хөгжсөн шилдэг жишээ. Энэ хурдны замын санхүүжилтэнд зөвхөн түүхий нүүрс, төмрийн хүдрийн экспортын татварыг  Дэд бүтцийн хөгжлийн сан байгуулах  замаар зориулах боломжтой.  Жишээ нь Японы ерөнхий сайд байсан  К.Танака  гэдэг нөхөр японы нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг энэ орны дэд бүтцэд бүрэн зарцуулж ирснээр өнөөгийн японы тэр чанартай дэд бүтэц бий болсон. Хурдан галт тэрэгний төмөр зам ч адилхан.   -Та 9 гишүүний өргөн барьсан асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гээд буцаачихлаа одоо дараагийн алхамаа хийнэ гэж Н.Батбаяр гишүүн бас хэлсэн байсан дараагийн алхам нь юу байх бол? -Ер нь дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэгч болчихоод байна. Хууль тогтоогчид нь баталсан хуулиа мөрдөхгүй юм бол хэн мөрдөх вэ. Байнгын хороо  бол УИХ-ын бүтэц, байнгын хорооны дарга хурлыг зөвхөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн хүрээнд удирдах үүрэгтэй. Тэрнээс үндсэн хууль тайлбарлаад суугаад байж болохгүй.Энэ ажлыг Үндсэн хуулийн цэц хариуцдаг юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь 9 гишүүний саналыг хэлэлцэх асуулын жагсаалтанд оруулах эсэхээр санал хураасан нь дэгийн тухай хуулийг зөрчсөн. Эцэстээ УИХ-ын удирдлага  Ерөнхий сайдыг огцруулах саналыг 7 хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцүүүлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцэд очихоор боллоо. Байнгын хорооны даргын хууль зөрчсөн энэ үйлдэл нь үнэндээ бол намын удирдлага битгий хэлэлцүүл гэсэн, би хуулийг биш намын удирдлагын чиглэлийг баримтална гэсэн ойлголттой утга нэг болоод байна. Энэ нь эрх зүйт төр, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргын зарчмаас хазайж, социализмын үеийн намаас өгсөн чиглэл, даргын үгээр ажилладаг үе хэвээрээ байгааг харуулсан. -Та  хэдэд заавал Ерөнхий сайдыг огцруулах шаардлага байгаа юмуу? -Бид Сү.Батболд ерөнхий сайдтай хувийн ямар ч асуудал байхгүй ээ. Ганцхан УИХ-ын гишүүд цаашид  төрийн хууль дээдлэх , хэрэгжилтэнд хяналт тавих , Монгол Улсын эрх ашгийг дээдлэх зарчим, тангарагаасаа ухрах уу үгүй юү гэдэг сонголт. Энэ бүхнийг төлөөлөлөөрөө дамжуулж төрийн эрх барих эрхтэй иргэд, сонгогчид хараад сууж байна. Ерөнхий сайдын дангаараа хөрөнгө оруулагчтай хамтарч Оюутолгойн гэрээг байгуулахад мөрдөх ёстой байсан УИХ-ын 57-р тогтоолыг бүрэн хэрэгжсэн гэсэн заалт бүхий  мэдэгдэл гаргасан нь Үндсэн хуулийг  зөрчсөн. Ингэснээрээ Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг бараг хаасан. Хөрөнгө оруулагч цаашид энэ мэдэгдлийг бариад юу гэж хэлэх нь ойлгомжтой биз дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ