
Өнөөдөр Хүүхдийн баяр. Аав ээжийн хайраас бүрэлдсэн энхрий бяцхан хүүхдүүдийн эрхээ эдлэх “ганц” өдөр.
Нялх багад нь үүлэн сүүдэр дайрахын төдийд даарчих вий хэмээн дулаан хучиж, өсч өндийн хөлд орохын цагт бүдрэх вий, гар хөлөө халуун, хүйтэн зүйлд дүрчих, хүргэчих вий гэж алхам бүрийг нь алдалгүй харахыг хичээдэг нь аав ээжийн зан. Хэлд орохын цагт анхны хэлсэн үгийг нь баярлан давтаж, сурч боловсрохын цагт эрдэм номтой хүн болоосой хэмээн залбирч суудаг бизээ. Насанд хүрэхэд нь ханийн заяа түшиж, удам сайтай, сайн айлын охин, хүүтэй ханилаад аз жаргалтай сайхан гэр бүлтэй болоосой. Амьдралдаа алдаж эндвэл “Эвий хүү минь, охин минь зовж байгаа даа” хэмээн элгээ эмтлэн, зүрхээ шархируулж суудаг нь аав ээж. Үр ачаа харахын цагт хүүгийнхээ, охиныхоо бага насыг эргэн эргэн дурсаж, амьдралаа өөд татах гэж ажил хөдөлмөр гэсээр үр хүүхдээ хайрлахдаа цаг бага зарцуулжээ хэмээн харамсах үе ч тохиодог. Энэ бүхэн хорвоогийн жамаар амьдарч байгаа хүн бүхний туулж өнгөрүүлдэг тавилан гэлтэй.
Тиймдээ ч хүүхэд гэдэг амьд бурхан, аав ээжийн хайранд өлгийдүүлэн хайрлуулах гэж энэ орчлонд мэндэлдэг. Хүүхэд гэдэг аав ээжийгээ сонгож төрдөггүй гэдэг ч өнөөдөр амьдралын түвшин янз бүр байгаа. Мөнгөтэй, мөнгөгүйн ялгаа ч их болж байна. Гэсэн ч тэдэнд минь ээж аавын мөнгөтэй хөрөнгөтэй байх хамаагүй. Хүүхдээ хайрлах чин сэтгэл, энхрийлэх харц, үнсэлт, хайртай гэдгээ хором мөч, бүрийд мэдрүүлэх нь л ус, агаар шиг хэрэгтэй байдаг. Өнөөдөр яг одоо таны амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн, цаашдаа яаж амьдрахаа ч мэдэхгүй үе тохиож болно. Та мөнгөгүй байна гээд хүүхдээ голж, орцонд, хогийн пункерт, гудамжинд хаях ёсгүй. Мөнгөгүй байгаагийнхаа бурууг өөрөөсөө хайх ёстой. Тэд таныг л гэж энэ хорвоод мэндэлсэн болохоор тэдэндээ уур бухимдалаа гаргаж, гарын шүүс болгох учиргүй. Элдэв муу үгээр ч хэлж болохгүй. Хүүхдийн тань орчлонг гэрэл гэгээтэй хардаг ариухан нүд нь булингартчихна. Харин ч эцэг, эх хүн гэдэг зовлонг даахын хэрээр аз жаргалтай амьдрал ээлжлэн ирдэг нь хорвоогийн жам. Хүүхдийн заяа түшлээ гэж монголчууд эрт дээр үеэс хэлж ирсэн нь хоосон үг биш. Үнэхээр хүүхэд гэдэг эцэг эхийнхээ буян заяаг тэгшитгэн ирдэг билээ.
Зарим хүмүүс боломжтой айлын хүүхдүүд гэж хэлдэг дээ. Боломжтой гэдэг нь мөнгө төгрөгний гачаалгүй, үр хүүхэддээ хүссэнийг авч өгөх чадвар чадамжаар нь өнгөц дүгнэх нь бий. Хүүхдээ хүссэн бүхнээр нь хангах нь эцэг эхийн үүрэг тул тэгж чадаж байгааг буруутгах учиргүй. Хамгийн гол нь үр хүүхэддээ орчлон хорвоогийн сайн мууг ухааруулж, амттанаар тэтгэж, бусдыг дорд үзэх занг л сургаж болохгүй. Яагаад гэвэл бидний амьдрал мөнх биш. Үр хүүхэд тань бусдыг хүндэлж, хайрлах ухаанаар дутаж өсвөл таны үр хүүхдийнхээ төлөө хуруу хумсаа хуйхлах нь холгүй цуглуулсан эд хөрөнгө, амьдралыг чинь үгүй хийж орхихыг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч монголчууд эрт дээр үеэс “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс доор” гэж хэлж захиж ирсэн билээ.
Өнөөдөр ээж аавын хайраар дутаж, өрөөл бусдаас хайр хүсэж, харуулдаж суугаа хүүхэд маш олон бий. Тэд өнөөдөр энд тэндээс ирсэн бэлэг сэлт энд умбаж нэг өдрийг өнгөрөөнө. Хүүхэд насны дурсамжиндаа нэгэн сайхан өдрийг мөнхөлнө. Гэхдээ хүүхэд бүхэн ээж аавтайгаа байх нь хамгийн эрхэм бэлэг тул энэ амьдралын тань үргэлжлэл болсон алаг үрсээ битгий өнчрүүлээрэй гэж захимаар байна. Төрийн байгууллагууд хүүхдийг баярлуулах ёстой хэмээн шахуу хөтөлбөрөөр энд тэнд арга хэмжээ зохион байгуулж, яаруу сандруу бэлэг сэлт тараасаар энэ өдрийг ардаа орхино.
Хүүхдүүдэд бэлэг сайхан ч гэлээ өдөр бүр хүүхдийг хайрлаж, эх орны минь ирээдүй та нар минь шүү гэдгийг ухааруулж, дээдэлж хүндэлж явах ёстой. Тэдний эрхийг зөрчсөн үйлдлүүдээ ч анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ нийтийн тээвэр. Балчир нуруундаа ахадсан хүнд ном дэвтэртэй цүнхээ дааж ядан үүрсэн хүүхдээс 200 төгрөг нэхэж, чимхэж түлхэж зогсох кондуктор бохь зажилж, хөгжим сонсож, гар утсаараа тоглосон оюутан залууг яаж ч чадахгүй өнгөрдөг. Учир нь оюутнууд үнэгүй зорчих эрхтэй. Гэтэл өнөөдөр төрийн хэдэн байгууллагууд хүүхдийн баярыг тохиолдуулан сурагч хүүхдүүдээ нэг өдөр үнэ төлбөргүй зорчуулна хэмээн рекламдаж байна. Үнэндээ сонсоход ичмээр дамшиг даа гэгчээр хагас сайн өдөр сурагч хүүхдүүд маань нийтийн тээврээр үнэгүй зорчих гээд сурагчийн үнэмлэхээ бариад явна гэдэгт би л хувьдаа итгэхгүй. Харин ч амьдралынхаа сонголтийг хийж, эрдэм боловсрол эзэмшиж байгаа залуус нийтийн тээвэрт мөнгөө төлж, тасалбараа аван дүү нартаа үлгэр дууриал болж явах учиртай. Цүнхээ дааж ядан зогсох хүүхдүүдийн 200 төгрөг улсын төсөвт үнэхээр дутагдаад байдаг бол хүүхдээ нийтийн тээврээр зорчуулж байгаа эцэг эхээс нь тасалбарынх нь мөнгийг зөв зохицуулалтаар авдаг байгаасай. Энэ бол манай улсад байгаа хүүхдийн эрхийн зөрчлийн хамгийн энгийн жишээ. Цааш нь бичээд байвал нилээдгүй цаг хугацаа, баримтуудыг дурьдах болно. Уншигч та бүхэнд ч ийм баримт олон байгаа болов уу.
Эмээ минь бага байхад “Хүүхдийн бурхан өршөө” гэж их хэлдэг байж билээ. Бид аавын хайраас урган мэндэлж орчлонд ирсэн. Ханийн заяа түшиж, үр удмаа үлдээж, амьдралаа үргэлжлүүлж яваа. Тийм болохоор хүүхэд гэх цагаахан инээдтэй, гэгээн хүсэлтэй амьд бурхадаа дээдэлж, ганцхан өнөөдөр биш, өдөр бүр хором бүрт хайраар тэтгэж өсгөөрэй. Миний чиний хүүхэд гэж ялгах хэрэггүй ээ. Хүүхэд л бол хүүхэд.
Хүүхдийн бурхан өршөө. Хүүхэд гэдэг эх орны гэрэлт ирээдүй.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ