
Засгийн газрын хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр илгээжээ. Түүнд “Монгол Улсын Засгийн газар 2011 оны долдугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургууль байгуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн наймдугаар зүйлийн нэг дэх хэсгийн гурав дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн хоёр дахь заалтыг тус тус зөрчсөн үйлдэл боллоо.
Тодруулбал, энэхүү тогтоолоор цэргийн анги, байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөлгүйгээр татан буулгасан байна. Түүнчлэн хоорондоо ялгаатай гурван үндсэн чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөц бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй байна гээд Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 2-т заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүсье” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ