Заан цол авна гэж өргөдөл бичсэн хүү

img

Монголчууд бид “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэж ярьдаг, боддог, амны бэлгэтэй ард түмэн. Бага балчир насандаа “Би улсын заан болно” гэж өргөдөл бичээд хэлсэндээ хүрсэн бөх бол Увс аймгийн Тэс сумын уугуул улсын заан Дамирангийн Бумбаяр юм. Тухайн үедээ яагаад заавал заан цолыг онцолсныг нь тайлбарлах шаардлагагүй ч гэлээ ингэж том амлалт өгөөд түүндээ хүрсэн нь монгол бөхийн түүхэнд нэгэн хуудас сонин нэмэх хувь зохиол болсон юм. Анх Х.Баянмөнх аварга Увсаас бөх болохоор ирсэн хүүхдүүдээс ирээдүйн зорилгыг нь бичүүлж авсан аж. Тэнд “Би улсын заан болно, бас спортын мастер болно” гэж том амлалт, том зорилгыг ганцхан хүү бичсэн нь өдгөөгийн бидний сайн танил улсын заан Д.Бумбаяр байлаа. Тэр өргөдлийг үзээд Баянаа аварга тун их олзуурхан сайшааж байсан гэдэг. Мөн бөхийн чөлөөт барилдаанаар спортын мастер цолны болзол хангасан. Энэ түүний бас нэг амлалт нь байсан. Зааны аав Дамиран аймгийн заан цолтой, ах нь аймгийн арслан цолтой бөхчүүд бий. Бөхийн гэр бүлд өссөн түүнийг олон хүн бөх болно гэж харж байсан нь лавтай. Тэр монголд анхны “компаний бөх” болсон түүхтэй. 1990 оны зах зээлийн хүнд үед монголын төрөл бүрийн барааны “Разноимпекс” компани залуу бөх Бумбаярыг өөрийн бөхөөр авч цалинжуулж эхэлсэн нь анхны тохиолдол байлаа. Уг компаний орлогч дарга Б.Түмэнбаяр гэж бөхөд элэгтэй хүн хэний ч танихгүй өндөр, туранхай хүүд итгэл найдвар хүлээлгэж, бөхөө болгосон нь холыг харсан, бөхөө таньдаг монгол ухааны цар байсан юм. Амласан амлалт, тавьсан зорилгодоо хүрсэн он жилүүд Бөхийн сургуульд орж хичээллэсэн Бумбаяр өдрөөс өдөрт чангарсаар 1993 оны улсын их баяр наадамд дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж улсын начин цол хүртэж, 1994, 1998 онд цолоо баталсан юм. Ер нь бөх хүн цол ахих тусмаа ир орж барилдаан нь сайжирдаг жамтай. Начин цол хүртсэнээсээ хойш 2 удаа цолоо батлахад нь түүнийг заан цолонд баараггүй хүрнэ гэж олон хүн итгэдэг, хүлээдэг байлаа. Тэр дундаа бөхийн хүрээнийхэн Бумбаяр начинд их найдлага тавьдаг байсан юм. Үүнийг доорхи үнэлэмжүүд гэрчилнэ. Улсын арслан Ц.Бадамсэрээжид: Ээ дээ, заан болчихоор сайхан хүү шүү. Бөх хүнд заяадаг бие хаа, хүч чадал нь чамлалтгүй. Барилдахдаа жаахан хайнга байна, өрөвчхөн сэтгэлтэй барилдахаас гадна мэхээ гүйцээж хийхгүй байна. Улсын арслан У.Мижиддорж: У.н Д.Бумбаяр чац бие сайхан, бяртай, харьцангуй том, шийдэмгий барилдаантай. Цол ахих бүрэн бололцоотой. Заримдаа гол өрсөлдөгч нартайгаа дутуу барилдаж унадаг дутагдалтай. Тогтож барилдаж болохгүй, барилдаанаа нягтруулах хэрэгтэй.

Улсын арслан М.Мөнгөн: Өөрийнхөө арал чац, нөөц бололцоог бүрэн ашиглах хэрэгтэй. Уйгагүй бэлтгэл сургууль зөв хийвэл заан цол авахыг нь хэн ч хорьж чадахгүй. Ц.а Цэсэнхүү: Д.Бумбаяр заан мөч чац урт боловч мээтгэр, мэх хийхдээ дөрвөн мөчөө тэнийлгэж лав хийвэл ямар ч бөхийг суйлж, дэгээдэж болно. Өөрөө өндөр болохоор босоо өрдөгөөсөө болж доогуураа нам хүнийг алдаж унадаг гэм бий. Гарын даа С.Сэлэмбаатар: Бумбаяр заан хоёр шуундаа их бяртай. Сэрвүү барьцнаас мэхний хувилбар олонтой зэргээр үнэлж, дүгнэсэн нь тухайн үеийн “Бөх” сонинд гарч байжээ. Энэ хугацаанд начин бэлтгэл сургуулиа сайн хийж, зорьсон зорилгодоо хүрэхээр өөрийгөө тун чамбай бэлдэж, 2001 оны улсын баяр наадмаар тавд а.а Ж.Ганзоригийг, зургаад ц.а Б.Бадам-Очирыг /начин/ орхин Б.Гантогтох заанаар /гарьд/ 7 давж наймд үлдэн Монгол улсын заан цол хүртсэн билээ. Бумбаяр заан заалны болон тойргийн барилдаанд тогтмол сайн барилддаг. Энэ нь түүний хэр чансаатай бөх болохыг илтгэдэг байв. Шороон барс жилийн шилдэг найман бөхийг шалгаруулахад ганцхан даваа дутаж байсан түүх түүнд бий. Мөн Бумбаяр заан монголчуудын бахархал болсон аралтай, чацтай бөхчүүдийн нэг. Анх бөхийн дэвжээнд гарахдаа 188 см өндөртэй, 87 кг жинтэй байсан гэдэг. Эрийн гурван наадам цогцолсон гэр бүл... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ