Томоохон голын хөндийгөөр -48 градус хүрнэ
Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч томоохон голын хөндийгөөр шөнөдөө -48 градус хүртэл хүйтэрч, цасан шуургатай байх төлөвтэй байна.
Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос малч ид, ард иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, харин 01 дүгээр сарын 01-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 02, 03-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа гэнэ. Салхины хурд зарим үед 12-16 м/с хүрч ширүүсч, Идэр, Тэс, Буянт, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр өдөртөө -27-35, шөнөдөө -40-48 градус, бусад нутгаар -15-20 градус, шөнөдөө -25-30 градусын хүйтэн байна. Иймээс салхи, шуурганы үед малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс өөрийгөө хамгаалахыг иргэддээ анхааруулья. Мөн шуургатай үед аль болох аян замд гарахгүй байх, замд гарсан тохиолдолд дулаан хувцаслаж, машин, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган шатахууны нөөцөө базааж, явах чиглэлийнхээ замын нөхцөл байдлыг судлахыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ