Баавгайн өвөр Луугийн эвшээлт доорх талын Монголчууд I
цуврал-1
Цагийн сайханд өмнөд умард хоёр хөршөө дарангуйлдаг байлаа. Хоёуланг нь 300 гаруй жил дарамталсан байх юм. Тэр бол нүүдэлчдийн соёл иргэншлийн мандан бадралын үе. Тархай бутархай Орос, Хятадыг гүрэн улс болгосондоо Төв Азийн энэ бяцхан нүүдэлчдийн гавьяа. Хоёр хөрш маань айна аа. Гурван сая хүргэчихгүй юмсан гээд л хоёул биш юм аа гэхэд өвөр зуураа ярилцана. Орос престройка хийж ардчилсан нийгмийг сонгоод хорин жилийн туршид Монголыг мартав. Хятад социалист чиг баримжаатай зах зээлийн нийгмийг барих гэж өөд сөөргөгүй бужигналдаж байхад нөгөөх буурай Монгол нь ардчилсан Монгол болов. Нүүдэлчдийн угаас цусанд нь байх эрмэлзэл асав.
.
Түр зүүрмэглээд харахад нь л үе үеийн геополитикчдын анхааруулаад байсан Монгол нь сэргэн мандав. Орос шиг Кремлийнхээ өмнө танкийн цуваа оруулж хана руугаа буудуулсангүй. Хятад шиг төв талбайдаа оюутнуудыг хядсангүй. Зүгээр л нэгийг нөгөөгөөр сольж орхив. Ленинградын бүслэлтэд зовсон славьянчуудаас бага хүнсний картын норм хүртэж байсан ч нам жимхэн нийгмийн шилжилтийг даван туулсан. Хэдэн малын буян гэх ч ирээдүйдээ дэндүү итгэж байсных нь. Л.Гумилёв үүнийг хэт үндэстний араншин, угсаатны оргилол бууралтын пассионарь дэлбэрэлттэй холбон тайлбарлаж байсансан. 1990-ээд оноос хойшхи Монголчууд үүнийг яруу тодоор харуулсан тухай АНУ-ын эрдэмтэн Ф.Левингстон Монголоор аяласан тэмдэглэлдээ өгүүлсэн байдаг юм. Бусдын 100 гаруй жил туулсан замналыг Монголчууд хориодхон жилийн дотор төгс туулсан. Гайхмаар ч гэлээ амьдрал баян хойно асуудал ар араасаа ундарна.
.
Нийгмийн байгуулал, ардчилал нь хэрхэн төгөлдөржиж байгаа нь олны анхаарлыг татах боллоо. Ялангуяа энэ улс гуравдагч хөршийн аянд мордсон нь хөршүүдийн эгдүүг хүргэв. Орос хүчирхэгжихийн хэрээр Бүгд найрамдах улсуудаа эргэн нэгтгэх болов. Оросгүйгээр амьдарч чадахаа больсон нөхдүүд ээлж дараагаараа нэгтгэгдэж байна. Нэгдэх сонирхолгүй нь нийгэм эдийн засгийн том дарамтад өртөнө. Хөөрхий тэр Киргиз, Гүржийн асуудлыг хар л даа. Бүх зүйл нь Оросоос хараат. Хаанаас энэ хэрэгцээг хангах вэ. Мөн л Оросоос... Цагтаа дэлхийг хувааж байсан гүрэн бололцоог юунд нь алдах вэ савраараа базаад л орхисон. Олон улсын шаардлагаар жаахан султгасан л байх.
.
Сэрсэн баавгайн сонирхлыг аль хэдийн шахуу мартсан, 70 жил өгчилгөсөн өр ширээ цайруулсан Монгол анхаарлыг нь татах болов. Эхний ээлжинд өдөр ирэх тусам хүчирхэгжиж байгаа Оросын алс Дорнод дахь геополитикийн бодлого нь алдагдсан, мөнхийн өрсөлдөгч Хятад дэлхийн хөгжлийг тэргүүлэх болсон, хамгийн сүүлд бүх дэлхийн анхаарлыг татаад байгаа ашигт малтмалын аугаа нөөц өөрийн эрхгүй шүлсээ гоожуулахад хүргэсэн. Өчигдрийн соц нийгмийн туршилтын талбай Монгол өнөөдөр хэрэг болов. Монголыг айлгах олон боломж тэдэнд бий. Нэгдүгээрт, зам харилцааны хамгийн чухал хэрэгсэл болох төмөр замын хагасыг эзэмшдэг. Бензин шатахууны 90 хувийг нийлүүлдэг. Нөгөө Кремльд найтаахад Монголд хатгаа хүрдэг гэдэг шиг төмөр зам ачааллаа дийлэхгүй хахахаар, бензиний үнэ өсөөд дагалдаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ суга өсөхөөр энэ хэлц үгийн утгыг улам бүр ойлгоно.
.
Саяхан Оросоос Хятад руу дамжуулах газрын тосны хоолойн асуудал олны анхаарлыг татлаа. Монголын баруун хэсгээр дамжуулбал ашигтай гэдгийг хэн хэн нь сайн мэднэ. Гэхдээ л цааргалаад л.. -Казакстанаар дамжуулбал болох л юм. Гэхдээ та нар бидний тавьсан төмөр замыг чинь хамтраад барья гэсэн болзлыг зөвшөөрвөл шүү дээ гэсэн шаантаг шургуулахаа “ах нар” мартсангүй. Манай нөхдүүд бодлоо. Яагаад ч ашиггүй гэсэн гаргалгаа гаргав. Дээрээс нь бензин шатахууны үнийн дарамтад байнга байх юм байна гэсэн тооцоо ч гарав.
.
Гэхдээ бидэнд асар том боломж нээгдэхийг харсангүй. Энэ бол Зүүн хойд Азийн эдийн засагт Оросын төмөр замаар гарах гарц. Хятадууд мэдээж жадлан эсэргүүцэнэ. Монголын бүхий л баялаг Хятадын төмөр замаар урсч байх сонирхолтой. Хүссэн үнээрээ авч болно. Хүсэхгүй бол хилээ хааж л орхино. Тавантолгойг хэдхэн нөхөд дампууруулаагүй ээ. Хөзрийн ноёд нь Хятад байсан. Ер нь бид эрдэс баялгийн тээврийн асуудлаа өөрсдөө шийдэх боломж бараг байхгүй. Хоёр хөршөөрөө дамжуулан гуравдагч зах зээл рүү гаргахгүй бол зүгээр л цаас болно. Хятадууд дангаараа энэ арилжааг эрхлэхийг хүсч байна. Тэгвэл бид Хятад, Оростой ч найртай байхын тулд Оросын тавиад байгаа саналыг хүлээж аваад зүүн хойдын төмөр замаар Транс Сибирийн төмөр замтай холбогдох эн тэргүүний зорилт хэрэгтэй байна. Бид зөвхөн Хятадаас хамааралгүйгээр зүүн хойд Ази руу нэвтэрч болно. Зардал мэдээж өндөр гэхдээ ирээдүйд олох ашиг нь дэндүү өндөр дөө. Гэхдээ ганц ч төгрөгийн үнэгүй олборлосон нүүрсээ зэгсэн өндөр үнэ хүргэчих боломж байна. Ингэснээрээ эдийн засаг маань Хятадаас ч, Оросоос ч хамааралгүй гуравдагч зах зээлийн хамааралыг нэгтгэсэн зөөлөн эдийн засаг болно. Бидэнд гэдийн хэтийдэх биш өнөөхөндөө гэгэлзэн бөхөлзөх шалтаг шалтгаан байна. Энэ гарцыг нээчихвэл хойд өмнөд транзит өөр хоорондоо өрсөлдөх таатай боломж үүсэх ч юм бил үү.
Баавгайн өвөр Луугийн эвшээлт доорх талын Монголчуудын хувь заяа арай л өөр болно оо доо.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ