Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартыг судлана

img

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар тэргүүтэй танилцах аялалын баг 2011 оны 11-р сарын 10-наас 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад албан айлчлал хийж байна. Багийн бүрэлдэхүүнд бүх аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцож Итали улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалыг судалж байгаа нь энэ удаагийн танилцах аялалын онцлог юм. Аялалын ажлын эхний өдөр буюу 11-р сарын 11-ны өдрийн үдээс өмнө БНИУ-д суугаа Монгол улсын өргөмжит консул хатагтай Ц.Гантуяа төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын дараа эм үйлдвэрлэлийн “Фриулчем” компаний хүсэлтээр тус компаний захирал Дисма Маззола болон гадаад харилцааны зөвлөх Гаетано Кастеллинитэй уулзаж эмийн хамтарсан үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцав. Италийн мэргэжилтнүүд хээлтэй гүүний шээсийг ашиглан шинэ эм гаргаж авах, үйлдвэрлэх, эмчилгээнд нэвтрүүлэх судалгааг хийсэн тухайгаа уулзалтын үеэр яриад энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавив. Түүнчлэн уулзалтын үеэр МУ-ын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар монгол улсын эрүүл мэндийн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлээд Ломбарди муж, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газар хоорондын харилцаагаар суурь нь тавигдсан хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлон хэлэв. Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар Проф. Лучиано Брескианид талархал илэрхийлж түүнийг Монголд зочлохыг уриад цаашид хоёр орны эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Проф. Лучиано Брескиани найрсгаар хүлээн авлаа. Танилцах аялалын баг Итали улсад ажиллах хугацаандаа Женова хотын эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмжийн “Эсаотэ” компанийн үйл ажиллагаа, Вимэркэйт хотын шинэ эмнэлгийн хог хаягдлын менежмент, Бергамо хотын эмнэлгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцан судалж, италийн мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсоно. Аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нар аялалын төгсгөлд үзэж судалсан туршлага мэдээллээ өөр өөрийн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай харьцуулан хийсэн дүгнэлт, саналаа солилцох, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Туршлага судлана гэж мөнгө үрэхээ одоо болиоч ээ. 20 жилийн турш хангалттай туршлага судлалаа ш дээ. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан бол гадна, дотны хөрөнгөөр хамгийн их "туршлага судлагсад". Одоо ийш тийш "судлах" гэж явахын оронд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ганц ч болов бодит үр дүнтэй зүйл хийвэл яасан юм бэ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2011-11-16