Ц.Мөнхбаяр: Биднийг улстөрийн захиалгаар баривчилж ам барих гээд байна
2011-11-16

- Байгаль орчноо хамгаалахаар эхлүүлсэн тэмцэл сүүлийн үед нам гүмхэн болчих шиг боллоо. Хүйтрэхээр тэгж байна уу, дулаарахаар тэмцдэг болж таарч байна уу? -Шүүмжлээд байдаг хэсэг хүмүүсийн нэг байгаа байх. Эсвэл санаа зовоод асууж байж болно. Бидний хувьд уяаг нь тааруулж тэмцэх хэрэг гараад байна. Хууль хяналтын байгууллагад захиалга өгөөд улстөрийн захиалгаар баривчлах, хоморголон хорих ажиллагаа явагдсан. Энэ аргаар амыг минь барьж дуугүй болгох сонирхол байна. Ийм шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгээд шүүхэд очихоод байна. Үүнээс болж хязгаарлагдмал болчихоод байна.

- Та бүхний тэмцэлд ороход тань тусалж дэмждэг гадаадын ямар нэг байгууллага байна уу? - Гадны байгууллагын нийтлэг зүйл нь бидний зарим үйл ажиллагаанд туслахаас татгалздаг. Буудаж байна, Төрийн ордны цонх руу харваж байна гэдгийг л хараад байна. Үүнээс гадна бид олон ажил хийдэг. Онги голыг 400 гаруй км-ыг ойжуулах, Онги гол сурах бичиг зэрэгт гадны байгууллагаас тусламж үзүүлэх юм байна.

- Пураам,  Сентерра гоулд компанийн техник хэрэгсэл рүү буудсаны дараа “Голдманы шагналтан монголд гадаадын уул уурхайн компани руу бууджээ” гэсэн материал гадаадын хэвлэлд гарсан. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? - Гадны сэтгүүлчийн бичсэн нийтлэлд эерэг талаас нь харуулсан байсан. “Нүүдэлчдийн мөхөл ба барууныхны хууран мэхлэлт”  гэсэн материал.  Тэнд худал хуурмаг биш болсон үйл явдлыг бичсэн байсан Эхлээд “Монцамэ” агентлагийн  орчуулгаар явж байсан. Гэхдээ тэр нь  агуулгын хувьд алдаатай байна гэж гадаадад  байгаа Монголчуудын төлөөлөл үзсэн юм билээ. Тэгээд Америкт байдаг Амирлан гэж бүсгүй болон бусад хүмүүс ярилцаад дахиж орчуулж, үнэн зөв мэдээлэл хүргэсэн.  Дэлхий дахинд байгаль орчныг хамгаалах ёстой, түүний төлөө тэмцэх ёстой  гэсэн хэсэг байдаг. Тэр байгууллагын хүмүүс бол үйл явдлыг зөв талаас хүлээж авч байгаа. Олон улсын мэдээллийн агентлагуудаас надад их хандсан.  Би Би Си, Ройтерс гэхчлэн маш олон агентлагаас хандаж байсан.

Ер нь бол үндэстэн дамнасан корпорациуд монгол улсыг яаж залгих вэ гэж л ажиллаж байгаа. Тухайн үед Сентерра гоулд үйл явдлын талаар  мэдээлэхгүй байсан. Учир нь тийм мэдээлэл гарлаа гэхэд тэдний хувьцааны ханш унах юм байна л даа. Гэхчлэн  Монголын төрийг лоббидож байгаа компаниуд  их ашгийн төлөө л ажиллаж байна. Бид тэднийг дэмждэг  Канадын эдийн засгийн хамтын ажиллагааны хороо, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагуудад гомдол тавьчихсан явж байгаа.

Shuud.mn
Сонин хачин